“3000 төгрөгтэй. Түлшээ авах уу, талхаа авах уу. Сард 650 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ч өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, амьдралд хүрэлцэхгүй байна. Ам бүл гурвуулаа. Гэсэн ч ядмагхан амьдарч байна. Маргаашаас тэтгэвэр олгоно. Өнөөдрийн идэх хоолыг аргалчихвал дэлгүүрийнхээ өрийг дарж, буцаагаад хүнсээ зээлж авна” хэмээн ярих настай эмэгтэйг Э.Наранбулаг гэдэг. Энэ мэтчилэн иргэдийн амьжиргааг залгуулж буй дэлгүүрүүдийн өрийн дэвтэр хэр зузаарсныг сурвалжиллаа.

Гэр хорооллынхны халуун цэгийн нэг буюу иргэдийн жаргал, зовлонтой амьдрал буцалж байдаг Хайлааст, 6-7 буудал орчмын хүнсний дэлгүүрүүдээр орлоо. 25 жил хүнсний дэлгүүр ажиллуулсан гэх худалдагч нарын төлөөлөл “Иргэд ихэвчлэн гурил, будаа, тос, мах, хиам зэрэг хүнс авдаг.

Нэг удаа орж ирэхдээ 30-200 мянган төгрөгийн өр тавьдаг. Өрөө цалин, тэтгэвэр, халамж буухаар төлдөг ч удалгүй дахиад зээл авдаг” гэсэн юм.
Өнөөдөр өрөө тэглэсэн ч, маргааш дахиад зээлнэ
Хүнсний дэдгүүрийн үйл ажиллагаа эрхэлдэг П.Хадаа хэлэхдээ “Ихэвчлэн ахмадууд, эсвэл өрх толгойлсон ээжүүд хүнсээ зээлж авдаг. “Хүүхдүүд хоосон хонох гээд” байна гэх мэт зовлон хэлээд ирэхээр нь татгалзаж чадахгүй юм. Манай дэлгүүрт энэ он гарсаар 3 орчим сая төгрөгийн өр хуримтлагдсан. Тогтмол зээлдэг 10 орчим хүн бий.

Тэд цалин, тэтгэврээ буухаар өрөө төлөөд, маргааш нь дахиад зээлнэ. Мөн хүний итгэлийг олж, бараа зээлж байгаад, 200-300 мянган төгрөгийн өр тавьчихаад нүүгээд явчихдаг хүмүүс ч бий. Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Энэ хэрээр иргэдийн худалдан авах чадвар буурч, өр тавих нь нэмэгдэж байна. Их өр үүсгэхгүй байхыг хичээж, хүнсний бараагаа бага багаар авдаг. Тухайлбал: Хүмүүс ногоог 1-2 ширхгээр авдаг” гэсэн юм.
Биднийг дэлгүүрээс гарч явах үед мод тэвэрсэн 60 орчим насны эрэгтэй таарав. Түүний хувьд хүнсний бүтээгдэхүүнийг төдийлөн зээлдэггүй. Харин даарахгүйн тулд мод зээлээр авч байгаагаа ярьсан юм.

“Тэтгэвэр авдаг ч амьжиргаагаа бүрэн дүүрэн залгуулахад хүрдэггүй” гэлээ.
Өөр нэг дэлгүүрээс сонгино авч байсан эмэгтэйгээс өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар тодрууллаа. “Өдөр ирэх бүр бүсээ чангалж байна. Оройн хоолны гурил, төмс, лууван, мах авахад 20 мянган төгрөг. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөн амьдарч байгаа. Ам бүл хоёулаа. Тэтгэвэр авдаг ч түлш, цахилгааны төлбөрт өгдөг. Гэрийнхээ ойролцоо байрладаг 2-3 дэлгүүрт хамгийн багадаа 80 орчим мянган төгрөгийн өртэй. Халамж, тэтгэвэр буухыг хүлээж байна” гэсэн юм.
Захын гэр хорооллоор амьдрал ийн үргэлжилж байна. Дэлгүүрүүдэд 2025 он гарсаар 3-12 сая төгрөгийн өр хуримтлагджээ. Он дуусахаас өмнө өрөө тэглэхийг зээлдэгч нартаа сануулдаг ч өнөөдүүл нь боломж хомс байгаагаа учирлажээ.
Зээл авч буй иргэдийн хувьд авдаг цөөхөн хэдэн бараа бий. Үндсэндээ гурил, төмс, лууван, мах. Өөр зүйл зээлж авдаггүй гэнэ. Ийн гэр хороололд иргэдээс авлагагүй дэлгүүр гэж үгүй. Дэлгүүр ажиллуулдаг хүмүүс ч “Хүний л амьдрал” хэмээн өрөвдөж зээл өгсөөр, эцэстээ татварын дарамтын хажуугаар өөрсдөө хохирч үлдэх тохиолдол гардаг. Өрийн дэвтэрт нэрээ бичүүлдэг зээлдэгч нарын дунд хариуцлагагүй цөөн хэдэн хүн бий. Тэдний өр хуримтлагдсаар жилийн эцэст дэлгүүр алдагдал хүлээдэг гэнэ.
Инфляцын 31.4 хувийг хүнсний барааны үнийн өсөлт эзэлж байна
Ийнхүү ард иргэд өдрөөс өдөрт үнийн өсөлтөд дарлуулж, өрөөс өрийн хооронд өнөө маргаашийг өнгөрөөж буй. Үндэсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн судалгааг ҮСХ 9-р сард гаргасан. Уг судалгаанаас үзэхэд 2025 оны 9-р сарыг 2024 оны 9-р сартай харьцуулахад улсын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний үнэ 10.4 хувиар өсжээ.

Харин инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 9-р сард 6.3 хувь байсан бол 2025 оны 9-р сард 9 хувь болж, өсөлтийн хурд өмнөх оныхоос 2.7 хувиар нэмэгдсэн байна. Импортын бараа 2.2 нэгж хувиар, дотоодын бараа бүтээгдэхүүний үнэ 5.3 нэгж хувиар өссөн нь инфляц өсөхөд нөлөөлжээ.

