horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

Хүмүүс 10 кг-аас дээш мах бөөндөж авах нь цөөрчээ

post-img

Хүйтэн цаг ирж, өвлийн идшээ айлууд бэлтгэж эхэлсэнтэй холбогдуулан “Шонхор” захад махны үнэ, хүмүүсийн худалдаа ямар байгааг сурвалжлав.

Биднийг өчигдөр 13:00 цагт очиход жижиглэнгийн лангуу бүгд махтай байлаа. Худалдагч “Мах үнэ өссөн. Хүмүүс мах худалдаж авах нь багассан. Малчдын гар дээрээс мах худалдах цэг Баянхошуунд нээсэн гэсэн. Тэр захад малчид махаа зардаг гэдэг нь худлаа. Махаа эндээс бөөндөж аваад, тэнд зарж байгаа. Тэнд малчид биш, дандаа орон нутгийн ченжүүд мах зарж байгаа. Цөөхөн хувь нь малчид. Жишээлбэл: Өнгөрсөн жилээс махны үнэ нэмэгдсэн. Бөөний үнэ нь 13-15 мянган төгрөг байна. Бөөний үнэ нэмэгдэхээр жижиглэн дээр асар их зөрүү гардаг. Энийг ард түмэн ойлгохгүй байна. Худалдан авагчид 10 кг цул мах авдаг. Үүнээс ихийг авч чадахгүй байна. Гуанз, хоолны газрын хүмүүс голдуу эндээс махаа авч байна” гэж ярив.  

“Шонхор” захад үхрийн цул мах 19.500-21.500 төгрөг, үхрийн ястай мах 17.500-18.000 төгрөгийн үнээр зарж байв. Харин адууны ястай, ясгүй мах 12.000 төгрөг бол хонины ястай мах 12.000-14.500 төгрөг, хонины цул мах 15.000 төгрөгийн үнэтэй байлаа.  

Мах худалдан авч буй иргэн “Махны үнэ сонирхож явна. Үхрийн мах 19.500 төгрөгийн үнэтэй байна. Малчдын гар дээрээс мах худалдах цэгээр хараахан үйлчлүүлж амжаагүй явна. Махны бөөний төв учраас эндээс махаа авчихдаг. Ер нь мах үнэтэй байна. Ноднингийнхоос үнэтэй л байх шиг байна” гэж хэлэв.

Нийслэлийн Статистикийн газрын мэдээлснээр Улаанбаатарт 11 дүгээр сарын 10-ны байдлаар үхрийн цул мах нэг килограмм нь дунджаар 24119 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20875 төгрөгийн үнэтэй байгаа аж. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.6 хувиар өсөж 20875 төгрөг, үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурч 24119 болжээ.

0/1000