horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Х.Булгантуяа: Би саналын томьёоллыг оруулаагүй. Улс төр нь л ийм байж

post-img

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг ҮХЦ-ийн дүгнэлтээр хууль зөрчсөн гэж үзсэнээс хойш бараг 21 хоногийн дараа парламент түүнийг дэд даргаас нь чөлөөлсөн билээ. Сүүлийн бараг сар орчим хугацаанд өвчтэй гэх шалтгаанаар төрийн ордонд ирээгүй түүнтэй МАН-ын байранд таарч  тодруулга авлаа.

-Та удаан хугацаанд их хурлын үйл ажиллагаанд оролцсонгүй. Нам дээрээ ажилтай байгаа юм болов уу?

-Би удаан хугацаанд эмнэлгийн чөлөөтэй байсан. Маргааш МАН-ын их хурал болох гэж байгаатай холбоотойгоор удирдах зөвлөл хурал зарласан юм. Улс төрийн намын тухай хуульд нийцүүлж намын дүрэмд өөрчлөлт оруулах асуудал бий. Түүнчлэн өнөөдөр намын байранд орон нутгаас ирсэн төлөөлөгчдийн дунд намын дүрэмтэй холбоотой санал, хэлэлцүүлэг өрнөж байна. Манай эмэгтэйчүүдийн холбооны зүгээс ч хэлэлцүүлэгт оролцож байгаа юм.

-Таны асуудлыг парламентаар хэлэлцүүлэх гэж бөөн л юм боллоо. Мэдээж та ажигласан байлгүй?

-Цэцийн дүгнэлтэд би юу хэлэх вэ? Мэдээж хүндэтгэлтэй хандаж байгаа. Минийхтэй ижил кэйс өмнө нь парламентад гарч байсан. Хэрэв санаж байгаа бол өмнө нь УИХ-ын дарга Ц.Нямдорж цэцийн дүгнэлттэй холбоотойгоор ажлаа өгч байсан, мөн их хурлын дэд дарга С.Баярцогт гадаадад байгаа офшор дансаа мэдүүлээгүй гээд дэд даргын суудлаасаа бууж байсан түүх бий.

-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээс болж таныг дэд даргын ажлаасаа гадна их хурлын гишүүний бүрэн эрхээсээ ч татгалзах асуудал яригдаж мэднэ гэдэг байр суурь сөхөгдөөд байна?

-ҮХЦ намайг хурал даргалахдаа процессын алдаа гаргасан гэж үзсэн. Тангарагаасаа няцсан гэж үзээгүй. Тийм учраас ҮХЦ-ийн дүгнэлтээс үүдэж  гишүүний бүрэн эрхээс татах үндэслэл болохгүй гэж ойлгож болно.

-УИХ-ын дэд даргын суудлаас та өөрөө саналаа өгч огцрох боломж байгаагүй юу?

-Би зөндөө удаан хүлээлээ. ҮХЦ 3 хоногийн дотор хуралдаад шийдвэрээ гаргаж байхад би ажлаа өгөх гэж бараг сар хүлээлээ. Манай намаас томилсон дэд даргын суудал байхад АН хүртэл завсарлага авч асуудлыг гацаалаа шүү дээ. Нэг нам бүлгийн даргаараа хэнийг ажиллуулах, дэд даргад хэнийгээ томилох нь тухайн намын улс төрийн бодлого байдаг. Гэтэл төсөв батлах барьцаа болгож гацаах нь улс төрийн хувьд соёлгүй асуудал.  

-Таны оронд томилогдсон Ж.Бат-Эрдэнийн томилгоог та хэр зэрэг нүдээ олсон гэж харж байна вэ?

-Ж.Бат-Эрдэнэ даргын хувьд тойргоос 3 удаа сонгогдсон, Аймгийн намын хорооны даргаар ажиллаж байгаад ялагдал хүлээж байсан, аймгаа ялуулж байсан, Төрийн байгуулалтын байнгын хороо, бүлэг даргалж явсан гээд улс төрийн карьерын хувьд дэд даргад томилох царааны хүн. Миний хувьд ч тойргоос 2 удаа сонгогдож байснаас гадна намынхаа эмэгтэйчүүдийн холбоог удирдаж ирсэн гээд аливаа томилгоонд улс төрийн туршлагыг бас хардаг.

-УИХ-ын дэд даргын суудлаа МАН анхнаасаа эмэгтэй гишүүнд өгнө гэж байсан биш гэж үү?

-УИХ-ын дэд даргад заавал эмэгтэй хүн томилно гэдэг зүйл байхгүй. Намын улс төрийн шийдвэр.

-Танай нам доторх эв нэгдэл хэр байгаа вэ?

-Одоо бол учраа олсон л гэж бодож байна. Хөдөө орон нутгаас ирж байгаа 2200 гаруй төлөөлөгчдийн хувьд хэцүү байдаг байхгүй юу. Ёстой нөгөө ээжийгээ гэх үү аавыгаа гэх үү гэдэг сонголт болоод байгаа юм.

-Та Ерөнхий сайдыг огцруулах санал хураалтыг явуулсныхаа дараа Г.Занданшатарт хандаж “муухай дэгээр санал хураалт явуулчихлаа” гэж хэлсэн чинь их анхаарал татсан?

-Би “муухай дэгээр” гээгүй. Монголын төрийн хувьд хар бараан өдөр байна. Төрийн гурван өндөрлөгийнхөө 2-ийг нэг өдөр огцруулна гэдэг муухай үйл явдал шүү дээ. Өөрөө би төрийн хүний хувьд УИХ-ын дарга нь, Ерөнхий сайд нь зэрэг огцорно гэдэг эдийн засаг амаргүй үед тэгээд хоёулаа МАН-аас томилогдсон хүмүүс байхад муухай л процесс явагдаж байна гэдэг утгатай үг байсан. Хамгийн харамсалтай нь манай нам доторх улс төрийн процесс энэ бүхэнд хүргэсэн. Мянга мянган хүмүүсээс ирсэн дэмжлэг итгэлийг хоорондоо хуваагдаж талцаад ийм байдалд хүргэсэн маань үнэн шүү дээ.

-Та намынхаа нөхдийнхөө хэлсэн үгийг харав уу? Тухайлбал Ц.Сандаг-Очир дарга ганцхан танд л хамаатуулах асуудал юм шиг  ярьж байсан.

-Би хэвлэл мэдээлэл сайн хараагүй. Би чуулганы хуралдааны саналын томьёоллыг оруулж ирдэг хүн биш. Өмнө нь байнгын хороо, чуулганы хуралд хэрэглэж ирсэн саналын томъёоллоор л тэр өдрийн санал хураалт явагдсан. Г.Занданшатар гэдэг хүн өөрөө их хурлын дарга байхдаа ч тэр саналын томъёоллоор л Ерөнхий сайдыг огцруулж байсан түүх бий. Магадгүй би өөр томъёоллоор санал хураалт явуулаад засгийн газар огцорсон байсан ч бас ҮХЦ-д дуудагдах л байсан байх. Тэр үед бүр хэлэх үггүй болох байсан биз.

-Та намынхандаа гомдолтой байна уу?

-Би хэнд нь гомдоно гэхэв. Хэцүү шүү дээ. Харамсалтай нь улс төр нь л тийм л байсан юм шиг байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

0/1000