Монгол ардын намын 31 дүгээр их хурлын салбар хурлууд Тусгаар тогтнолын ордонд өчигдөр /2025.11.14/ боллоо. Салбар хурлаар тус намын Үндсэн дүрмийг өөрчлөх төслийг хэлэлцэв. Хэлэлцүүлэгт 31 дүгээр их хуралд төлөөлөгчөөр сонгогдсон аймаг, нийслэл, дүүргийн намын гишүүд оролцсон юм.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатараар ахлуулсан ажлын хэсэг намын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ. Дүрмээ Улс төрийн намын тухай хуульд нийцүүлснээ тэрээр онцоллоо.

Мөн эл салбар хурлаар Монгол ардын намын хөтөлбөр /хичээн эрмэлзэх зүйл/-ийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэв.
Үүнийг нарийн бичгийн дарга Н.Энхбаатар танилцууллаа. УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцуулсан байна.
Дээрх дүрэм, хөтөлбөрт оруулах өөрчлөлтийн талаарх төлөөлөгчдийн саналыг ажлын хэсэг багцлан, их хурал дээр танилцуулж, хэлэлцүүлэх юм байна.

