Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн алба, Эрдэм шинжилгээ, сургалтын алба хамтран ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад осолд өртсөн хүнд анхны тусламж хэрхэн үзүүлэх практик сургалт зохион байгууллаа. Уг сургалт өсвөр насны хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшүүлэх зорилготой аж. Тус сургалтад Ерөнхий боловсролын “Монгени”, 13 дугаар сургууль, “Эрдмийн ундраа” цогцолбор, 184 дүгээр сургуулийн нийт 500 сурагч хамрагдсан байна.
Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг энэ сургалтаар сурагчдад өгч, осол гэмтлийн үед гар, мөр мултарсан тохиолдолд гар доорх материалаар хэрхэн чиг тавьж боох зэрэг хүүхдийн насны онцлогт тохирсон сургалтыг дадлага хослуулан заажээ.
Энэ сургалтыг ГССҮТ, “Сүү” хувьцаат компанийн хамтын ажиллагааны хүрээнд өрнүүлж буй аж. 2025 оны байдлаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт сургуулийн орчинд үл таних хүн болон үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртсөн нийт 1460 хүүхэд эмнэлгийн тусламж авчээ.

