horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Пийшинг нь зассан юм чинь паарыг нь бас сольж өгье

post-img

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн угаар мэдрэгч нь дахин дахин дохио өгч байгаа айлд очиж, хаанаас угаар ялгарч буйг шалган, пийшин нь цоорхой байхыг илрүүлж, шинээр пийшин өрж өгчээ. Хөгжлийн бэхршээлтэй иргэн пийшингээ засаж чадахгүй байсан аж.

Яг ийм байдлаар Улаанбаатарт амьдарч байгаа гэр хорооллынхны гэрт давхарга нэмж, байшинг дулаалж байна. Дулаалгад 10 гаруй тэрбум төгрөг зарцуулна.

Нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн хэд хэдэн хорооны айлуудын гэрийг дулаалж, пийшин барьж өгөхөд 5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Бас тийм хэмжээний мөнгөөр айлуудад хийн халаагуур тавьж өглөө.

…Бат, Дорж хоёр хөрш. Батынх хашаа байшинд амьдарна. Доржийнх зэрэгцээ орших орон сууцанд хоёр өрөө байртай. Дорж эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөн, улсдаа ХХОАТ, НДШ, ЭМДШ төлж, ам бүлээрээ ажиллаж байж байр авсан.

Харин Бат ажилгүй, тэгтлээ их хөдөлмөрлөж зүтгэх сонирхолгүй. Өглөө, оройдоо халтуурт явна. Хааяа энд тэнд цагийн ажил хийнэ. Олсон хэдээрээ ойр зуурхнаа болгочихно. Өвөлдөө хөдөөнөөс идэш ирчихнэ. Эхнэр нь нэг газарт ажиллана. Хүүхдүүд аанай л ажил гэх юмгүй. Аавынхаа адил ойр зуурын ажилтай. Харин тэдний хэн нь ч татвар, шимтгэл төлдөггүй.

Энэ хоёр өрхийн сарын орлого адилхан шахам. Ардчилсан нийгэм гэдэг өөрөө хэн чадалтай нь амьдрах ёстой. Харин амьдралын чадвар муу, ажиллаж хөдөлмөрлөх боломжгүй хүмүүстээ халамж өгөх тогтолцоотой. Гэхдээ халамж ингэж хавтгайрах ёсгүй юм. Ажилгүй, анхиагүй байдлыг өөгшүүлснээр хөгжил дэвшилд хүрдэггүйг бид 35 жил бэлхнээ харж байна. Утааг бууруулах арга хэмжээ айлын пийшинг засаж өгөх хэмжээнд хүртлээ явцуурав. Тэглээ гээд тэд талархдаггүй. Харин ч эсрэгээрээ улсаа муулсан, төрөөс авахын дон шүглэсэн хэсэг бүлэг этгээдийг бий болголоо.

…Бат “Энэ жил хүйтрэх төлөвтэй. Пийшингээ янзлах уу, болих уу. За яршиг угаар мэдрэгчээ хэсэг орилуулчихъя. Төрөөр пийшингээ бариулна аа. Эд нар утаагаа бууруулж чадахгүй байгаа юм чинь ажилгүй би яахав дээ”. Гайхалтай нь Батын энэ арчаагүй бодол биеллээ олж, угаар мэдрэгч нь өдөр шөнөгүй дуугарах тэднийд Нийслэлийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн очин, тоосго нь энд тэндээ нурж, утаа саагих пийшинг нь шинээр бариад өгчих нь тэр ээ.

Харин пийшингээ солиулсан, хөдөлмөрийн чадвартай Батад ямар нэгэн хариуцлага тооцох механизм алга. Зүй нь Бат гуай пийшингээ улсаар солиулсныхаа хөлсөнд төлбөр төлөх ёстой. Угаартах аюулаас авруулсныхаа төлөө төлбөр өгөх ёстой юм биш үү! Монгол Улсад ажиллах боломж дүүрэн байна. Бүх салбар ажиллах хүчний хомсдолд орчихсон. Ямартаа л Балба, Филиппинээс сар бүр үйлчилгээний ажилтан, тээврийн жолооч, Хятадаас барилга, замын ажилчид, Вьетнамаас машины бүхээг засварчид хэдэн зуугаараа Монголд ирж, ажиллаж, мөнгө олж, эх орон руугаа илгээж байх вэ дээ.

Тэгвэл … дугаар хорооны … дүгээр байрны Доржийн паар муу халаад байна. Энэ өвөл зутрах нь байна. Тэдний паарыг сольж өгцгөөе. Харин дулааны цахилгаан станцуудаас “Халаалт хэвийн” гэдэг хариулт өгч байхад, Доржийнх зутарч болохгүй. Ялгаа юу байх вэ. Адилхан л нийслэлийн иргэд.

0/1000