Монгол орны баруун хязгаар Увс аймгийн Давст сумын Боршоо боомт, Ховд аймгийн Үенч сумын хилийн заставт багийн бага сургууль нээлээ. Хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох зорилготой “Багийн бага сургууль” төслийг Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн санаачилгаар Хил хамгаалах ерөнхий газар болон бусад хувийн хэвшлийн байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлж, эхний 2 сургуулиа ийнхүү хүлээлгэн өгчээ.
“Багийн бага сургууль” төслийн хүрээнд ашиглалтад орсон тус сургууль 75 хүүхдийн хүчин чадалтай. Монгол Улсад байгаа 1,575 багийн дөнгөж 44-т нь бага сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт 36,000 гаруй хүүхэд жилийн есөн сарын туршид гэр бүлээсээ хол суралцдаг. Тиймээс энэхүү төсөл 6–10 насны бага ангийн хүүхдүүдийг гэрийнхээ ойролцоо сургуульд хамрагдах боломж бүрдүүлж өгч байгаагаараа онцлог юм.
НҮБ-ын Хүүхдийн сан, Боловсролын яамны санаачилгаар хувийн хэвшилтэй хамтран 2027 он гэхэд төв суурин газраас алслагдсан 60 багт бага сургууль байгуулж, бага насны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг гэртэйгээ ойр сургуульд суралцах боломж бүрдүүлэхээр зорьж байна.



