МАН-ын 31-р их хурлын төлөөлөгчид намын дүрмээ шинэчилж, бага хурлын гишүүдээ сонгож шинэхэн бага хурал нь өнөөдөр хуралдах гэж байна. Энэ удаагийн их хурлаас МАН түүхэндээ анх удаа бага хурлын 597 төлөөлөгч сонгож, санал хураалт 8 цаг үргэлжилжээ. МАН-ын үндсэн дүрэмд 44 заалт шинээр нэмж оруулж, 57 заалтыг өөрчлөн найруулж, 9 заалтыг хассан байна. Харин МАН-ын бага хурлын гишүүний тоог нэмж, өргөтгөн зохион байгуулж түүхэнд байгаагүй олон гишүүнчлэлтэй боллоо. 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс бага хуралд заавал төлөөлөл оролцуулснаас гадна бодлогын квот хэмээн багтаажээ. Өмнө нь тус намын бага хурлын гишүүдийн тоо 350 гаруй байсан бол улс төр, эдийн засгийн нөхцөл байдалыг харгалзан нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн гэнэ. Бага хурлын гишүүдийг сонгохдоо тухайн аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны санал болон Социал демократ эмэгтэйчүүд, залуучууд, ахмадын холбооны саналыг мөн харгалзан үзсэн байна. Харин бодлогын квотдоо МАН-ын үе үеийн удирдлагуудыг багтаажээ.

Бага хурлын гишүүдийн нэрсийг зарласны дараа зааланд төлөөгчдөөс санал хэлж, нэр дэвшигчдээс хасах, нэмэх талаар байр сууриа илэрхийлсэн юм. Намын дарга нараас нэр өгсөн гэх утгаар хэн ч мэдэхгүй, намын үйл ажиллагаанд огт оролцдоггүй нөхдийг бага хуралд сонгож байгаа нь буруу гэдгийг Их хурлын гишүүдээс нь онцолсон байна. Орон нутагт намаа хагалдаг, сонгогчидтойгоо эргэх холбоотой ажилладаггүй УИХ-ын гишүүдийг ч бага хуралд оруулахгүй гэсэн байр суурь гарчээ. МАН-ын бага хурлын анхдугаар хурлаас удирдах зөвлөл, МАН –ын Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нараа сонгож, дотоод зохион байгуулалт хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм.


