Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
АДМИНМонгол Улсад 50 гаруй тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийжээ
- 2025/11/19

- -3 цаг -40 минутын өмнө

- 7 мин уншина

Өнөөдөр уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засагт ямар чухал болохыг бүгд ярьдаг. Төсвийн орлогын 30 гаруй хувийг эдийн засгийн дөрөвний нэгийг бүрдүүлдэг. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнх нь энэ салбарт ноогддог гэх, мэт мэдээллийг бүх иргэд мэддэг. Гэхдээ дээрх үзүүлэлт нь шууд үзүүлж буй нөлөөллийг харуулсан тоо. Харин эдийн засагт шууд нөлөөнөөс гадна дам болон үржүүлэгчийн нөлөөгөөр хэмжвэл 40-50 хувь гэж үзэх үндэслэлийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын жишээгээр харуулж судалсан байна.

Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засагт ямар чухал болохыг бүгд ярьдаг. Төсвийн орлогын 30 гаруй хувийг эдийн засгийн дөрөвний нэгийг бүрдүүлдэг.

2024 онд уул уурхайн салбарт хоёр том судалгааг хийсэн байна. Эхний судалгааг СЭЗИС-ийн эдийн засагч, судлаачид болон уул уурхайн салбарын томоохон мэргэжилтнүүд хамтран хийсэн бол дараагийн судалгааг уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр ” ТӨҮГ-тай холбоотой судалгааг “Эм эм си жи”ХХК, ХААИС-ийн судлаачид, “Мандах” дээд сургуулийн баг хийжээ. Эдгээр судалгааны үр дүнгийн талаар судалгааны байгууллагуудын төлөөлөл оролцсон “Уул уурхайн салбар эдийн засагт үзүүлэх нөлөөлөл” сэдэвт хэлэлцүүлэг болсон юм. Уг хэлэлцүүлэгт Санхүү эдийн засгийн их сургуулийн Экономиксийн тэнхимийн ахлах багш Д.Мөнхцэцэг, “Эм эм Си Жи” судалгаа, зөвлөх үйлчилгээний компанийн гүйцэтгэх захирал эдийн засагч Ч.Даваасүрэн, ХААИС-ийн Бизнесийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Эдийн засгийн ухааны доктор М.Эрдэнэбаяр нар оролцож, чиглүүлэгчээр СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан удирдсан юм.

2023 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 орчим хувь нь уул уурхайн салбарт орж иржээ

1990 оноос хойш уул уурхайн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтын нийгэм эдийн засагт үзүүлэх үр нөлөөний талаар СЭЗИС-ийн судалгааны баг онцолж судалсан байна. 2050 он гэхэд Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 2022 оны хэмжээнээс 7.5 дахин өсгөнө. Нийт хүн амын амьжиргааны түвшнийг нэмэгдүүлэх том зорилт дэвшүүлсэн. Тэгвэл энэ зорилгыг хангах боломжтой юу гол хөдөлгөх хүч нь юу байх вэ гэдэгт голлон анхаарчээ. 2023 онд Монгол Улсад Гадаадын шууд хөрөнгө оруулалт 23.1 тэрбум ам.доллар байна. Үүний 80 орчим хувь нь уул уурхайн салбарт орж иржээ. Тэгвэл төсөвт оруулж буй хувь нэмрээр нь харвал 35 хувь нь уул уурхайгаас бүрджээ. Ялангуяа зэс болон нүүрсний борлуулалт 30 хувийг төсөвт оруулж байна.Тэгэхээр дэлхийн зэх зээл дэх зэс, нүүрсний үнийн ханшаас хамааралтайгаар манай төсөвт оруулах орлого хэлбэлзэлтэй байна. 1990 оноос хойш манай улсад 50 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсний 40 гаруй хувь нь уул уурхайгаас мөн Оюутолгойн гэрээ хийсэн 2010 оноос хойш 2024 он хүртэлх нийт ГШХО-ын 70 гаруй хувь нь Оюутолгойн хөрөнгө оруулалт эзэлж байна.

Тэгэхээр манай эдийн засаг уул уурхайн салбар тэр дундаа ГШХО хүчтэй нөлөө үзүүлж буйг гэрчилж байна гэж Д.Мөнхцэцэг ярьж байна. Түүнчлэн уг хөрөнгө оруулалтуудын эдийн засгийн болон нийгмийн нөлөөллийг хослуулан авч үзсэн нь онцлог байсан байна. Өөрөөр хэлбэл ГШХО макро түвшинд буюу иргэн, өрхөд хэрхэн нөлөө үзүүлснийг орон нутагт нь болон бусад 35 салбараар харьцуулан судалсан аж.

Хөрөнгө оруулалт 1.0 хувиар нэмэгдэхэд манай эдийн 0.76 хувиар өсдөг.

Тодруулбал, уул уурхайн салбараар дамжуулан бусад салбар болох барилга, тээвэр, үл хөдлөх хөрөнгө зэрэг салбар хоорондын үржүүлэгчийн нөлөөгөөр уг хөрөнгө оруулалт ард иргэдэд хэрхэн нөлөөлснийг судалсан нь олон үр дүнг тодорхой болгожээ. Тухайлбал ДНБ-нд ГШХО хэрхэн нөлөөснийг онцлоход эдийн засаг өсөхөд уул уурхайн өсөлтийн хувийн жин харьцангуй өндөр хувьтай нөлөөлдөг бол унахад нь мөн нөлөөлдөг байх нь. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлт, бууралтын үндсэн шалтгаан нь болдог. Хөрөнгө оруулалт 1.0 хувиар нэмэгдэхэд манай эдийн 0.76 хувиар өсдөг. Харин үүнээс Оюутолгойн хөрөнгө оруулалтыг хасаад үнэлбэл 0.22 хувиар буурч байна. Тэгэхээр Оюу толгой хөрөнгө оруулалт дангаараа 0.54 хувийг эзэлж байгаа нь эндээс харагдаж байгаа аж. Түүнчлэн төсөвт үзүүлж буй нөлөөллийг “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ийн жишээгээр эдийн засагч Ч.Даваасүрэн тайлбарласан юм. Тэрээр “2023 оны улсын нэгдсэн төсвийн 8.3 хувийг Эрдэнэт үйлдвэр бүрдүүлсэн. Харин энэ хувь 1995 онд 33.7 хувьтай байсан. Энэ нь улсын төсвийн гуравны нэг хувь нь байсан. Тухайн үед эмч, багш нарын цалинг бүрдүүлж байсан.Тэгэхээр хугацааны динамек хувь хэмжээгээр харвал маш хэлбэлзэлтэй байжээ. Өөрөөр хэлбэл, тухайн үйлдвэр, нийгэмд болсон үйл явдал нь тухайн жилийн төсөвт оруулах хувь хэмжээг савлуулж байсан.

Тухайлбал, 1998,1999 онд төсөвт орлого оруулаагүй байх жишээтэй. Түүнчлэн 2016-2018 онд оруулах орлого буурсан. Тэгэхээр тэр үед юу болж байсан нь нийгмийн ой санамжид байгаа байх. Мөн 2022,2023 онд Ковидын үед хэмжээ нь нэмэгдсэн байх жишээтэй. Тэгвэл Булган, Орхон аймгийн төсөвт оруулсан хувь, хэмжээ нэмэгдсэн байна. Энэ нь Булган аймаг Орхон аймгийг усаар хангадаг гэдгээр Булган аймгийн Ус ашиглуулсны төлбөр төсөвт нэмэгдсэн.Төсвийн бүтцийг юу бүрдүүлж байна вэ гэдэг чухал болж байна. 2012 онд Усны тухай хууль батлагдсанаар улсын төсвөөс татаас авах нь багассан гэх зэргээр бусад дам нөлөөгөөр төсөвт нөлөөлсөн байх жишээтэй ” гэсэн юм. Судалгаагаа орон нутгийн болон улсын төсөвтэй харьцуулж судалжээ. Гэхдээ үүнийг энгийн иргэдэд тайлбарлахдаа ямар арга хэлбэрээр ойлгуулах вэ гэдгээс уул уурхайн хөрөнгө оруулалт захын Должин эмээгийн амжиргаанд ингэж нөлөөлсөн гэдгийг бодитоор тайлбарлах шаардлага үүсэж байгаа аж. Иргэд зөвөөр ойлговол уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт эдийн засагт ямар чухал болохыг мэдрэх юм. Үүнийг энгийнээр ойлгуулаагүйгээс болж нийгэмд хөрөнгө оруулалтыг буруугаар ойлгох ойлголт үүсээд байгаа тухай эдийн засагч онцолсон.

Эдийн засгийн үр нөлөөг “data story” буюу түүхээ эргэн ашиглах хэрэгтэй

Аливаа хөрөнгө оруулалт эдийн засагт хэрхэн нөлөөлснийг энгийн ард иргэдэд хэрхэн ойлгуулах арга хэлбэрийн тухайд Ч.Даваасүрэн хэлэхдээ “ ГШХО нь шууд нөлөө, дам нөлөө, үржүүлэгчдийн нөлөө гээд тайлбарлахаар мэргэжлийн бус хүмүүс ойлгодоггүй. Тэгэхээр үүнийг усны долиотой адилтгаж тайлбарлаж болно. Тухайлбал, ус руу чулуу шидэхэд эхний том долгио нь шууд нөлөө, дараагийн долгио нь дам нөлөө, бүр дараагийн том долгио нь үржүүлэгчийн нөлөө буюу иргэдэд цалин бусад орлогоор нөлөөлөл үзүүлж байгаа гэсэн үг” гэв. Мөн тэрээр эдийн засгийн үр нөлөөг хүмүүсийн ойлгодог хэллэг, хэлбэрт шилжүүлж хэлэх арга зүй буюу “data story” ашиглах хэрэгтэйг онцлов. Тухайлбал, ДНБ-нд эзлэх хувийг тайлбарлахдаа эдийн засгийн нэн шинэ түүхээ эргэн харах шаардлага ч гарч байгаа юм. Жишээлбэл, “энэ хөрөнгө оруулалт эдийн засагт “амин тариа” боллоо, “Монгол Улсын нэг иргэний төсөвт оруулсан орлого 500 мянган төгрөг”, “иргэн бүрд хоёр эр хонь өгчээ” гэх мэтээр шууд тусгагдахаар хэллэг, харьцуулалтыг сонгох нь чухал байна гэлээ. Түүнчлэн сүүлийн үед “60 тэрбумын хэрэг”, “44 их наяд нүүрсний хулгай” гээд ярихаар мөнгөний тухай ойлголт алсарч төсөөлөлгүй болж ирсэн. Тэгэхээр харьцангуй үзүүлэлт, хүнд тусах талаас нь энгийнээр ярих нь чухал аж.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шууд болон дам нөлөөний ДНБ-д эзлэх хувь 5.3 хувь байна

Нөгөөтээгүүр, тухайн аж ахуйн нэгжийн бүтээсэн зүйл нэг өөр, эдийн засагт үзүүлсэн нөлөө нь өөр гэдгийг ойлгох хэрэгтэй аж. М.Эрдэнэбаяр “Монгол Улсын ДНБ-нд Эрдэнэт үйлдвэрийн эдийн засагт оруулсан хувь нэмэр, нөлөө”-г судалсан юм. Тэрээр хэлэхдээ “ 2023 оны байдлаар Эрдэнэт үйлдвэр манай улсын ДНБ-ий гурван хувийг хангажээ. Ойролцоогоор 2.1 их наяд төгрөг.Энэ тоо тус үйлдвэрийн эдийн засагт үзүүлсэн шууд нөлөө. Бусад нөлөөллөөр бол 5.3 хувь нь Эрдэнэт үйлдвэрээс гаралтай гэж болно. Нэг үгээр хэлбэл, 2.1 их наяд дээр нэмэх нь 600 гаруй тэрбум төгрөгийг шууд бус нөлөөгөөр бий болгосон гэсэн үг. Өөрөөр хэлбэл бэлтгэн нийлүүлэгч, бүтээгдэхүүн борлуулдаг аж ахуйн нэгжийн бий болгож буй нэмүү өртөг шингэсэн хэмжээ. Үйлдвэрлэлийн салбарт бий болж буй орлогыг дахин хуваарилалтаар үйлчилгээний салбарууд энэ орлогод нийцсэн үйлчилгээнүүдийг явуулж байгаагаар нөлөөг хэмжиж буй юм. Сүүлийн үед Эрдэнэт хотод орон сууцны хороолол, үйлчилгээний төв зэрэг бүтээн байгуулалт үүнтэй холбоотой. Тиймээс шууд нөлөө нь гурван хувь ч нийт нөлөө нь 5.3 хувь” гэв. Тухайлбал Эрдэнэт үйлдвэрийн нэг ажилтны төлсөн НДШ дундаж тэтгэвэртэй гурван хүний тэтгэврийг төлж байх жишээтэй.

Эдийн засагч, доктор профессор Ж.Дэлгэрсайхан нэмж тодотгож хэлэхдээ “Өнөөдөр эдийн засагт үзүүлэх уул уурхайн шууд нөлөө 25 хувь гэх боловч дам нөлөөнүүдээр хэмжвэл 40-50 хувь юм гэж үзэх үндэслэлтэй гэдгийг тодотгоё” гэсэн юм. Д.Мөнхцэцэг судалгааны нэг чухал хэсэг болох хүмүүсийн амьжиргаанд хэр нөлөөлсөн талаар онцолсон юм. Улсын хэмжээнд 162 сая хүн ажилладаг.Үүний 260 мянга нь хөдөө аж ахуйн салбарт, жижиглэн болон бөөний худалдааны салбарт 170 орчим мянган хүн ажиллаж байна. 2016 онтой харьцуулахад уул уурхайн салбарт ажиллах хүч 20 хувиар өссөн бол эсрэгээрээ хөдөө аж ахуйн салбарынх 52 хувиар буурч ажиллах хүч уул уурхай руу хөрвөжээ.Өнөөдөр энэ салбарын бүтээмж улсын дунджаас 2.4 дахин их, цалин нь 3.2 сая төгрөг байгаа нь улсын дунджаас даруй нэг сая гаруй төгрөгөөр их байна. Эцэст нь уул уурхайгаар дамжиж орж буй ГШХО шууд болон болон дам нөлөө өндөр байгааг дээрх судалгаа харуулжээ.

Ц.МЯГМАРБАЯР

- Шинэ
- Хандалттай