Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс томилогдсон ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байрлах “Цемент шохой” ХХК-д мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирол нөхөн төлүүлэх арга хэмжээ авч байна. “Цемент шохой” ХХК-ийн удирдах албан тушаалтнууд ашиг сонирхлын зөрчил удаа дараа гаргаж, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгожээ. Тэднийг цемент худалдахдаа бусдаас хахууль авсан, төрийн өмчит компанид их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх гомдол, мэдээллийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хүлээн авч, эрүүгийн 2502007000487 дугаартай хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Мөрдөн байцаалтын явцад гэрчүүдийн өгсөн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар “Цемент шохой” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашиглаж, зах зээлийн үнээр цемент худалдан авах иргэн, аж ахуйн нэгж байсаар байхад холбогдох хууль, журмыг илтэд зөрчиж, өөрсдийн хамаарал бүхий этгээд, аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд зээлээр олгожээ. Ингэхдээ хахууль авсныг АТГ тогтоожээ.
Авлигатай тэмцэх газраас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд одоогийн байдлаар “Цемент шохой” ХХК-иас зээлээр авсан цементийн төлбөр болох нийт 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг “Хас хос очир”, “Люксвүүд”, “Өү эм ди си”, “Төгс өсөх премиум”, “Батс өргөө”, “Техник импорт”, “Энгүүн цог жавхлан”, “Очир ням проперти девелопмент”, “Самби констракшн”, “Кью си эс” зэрэг ХХК-иас гаргуулж, нөхөн төлүүлээд байна. “Цемент шохой” ХХК-тай холбогдох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

