horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Шолойн дөрвөн үеийн 12 мянган хүний нэрийг 5.8 метрийн голчтой даавуун дээр, дугуй хэлбэрт багтаан бичжээ

post-img

Монгол Улсын Үндэсний номын санд өнөөдөр “Монголын ноёд язгууртнуудын гэрийн үеийн бичмэл” цуврал номын эхний боть болох “Халхын Түшээт хан аймгийн төрлийн тайж нар” ном болон “Чингис хаан судлалын ном зүйн нэгдсэн мэдээллийн сан”-гийн нээлт боллоо.

Түүнчлэн гэрийн үеийн бичмэлийн болон Чингис хаанд холбогдох сурвалж бичиг, ном хэвлэлийн үзэсгэлэнг нээлтэд зориулан давхар дэлгэн толилуулав. Гэрийн үеийн бичмэл буюу угийн бичгийн үзэсгэлэнгийн онцлох үзмэр нь таван ханатай гэрийн буурины чинээ хэмжээтэй Сэцэн хан Шолойн угсааны угийн бичиг байлаа. Энэхүү угийн бичигт Чингис хааны үр удам болох Сэцэн хан Шолойн дөрвөн үеийн 12 мянган хүний нэрсийг 5.8 метрийн голчтой даавуун дээр, дугуй хэлбэрт багтаан бичжээ. Өнөө жил 2025 оны 4 дүгээр сард Япон Улсын Нара хотын “Тэнри Санкоокан” музейд үүнтэй адил нэгэн үзмэрийг толилуулсан нь олон нийт, олон улсын судлаачдын анхаарлыг ихээхэн татсан юм. Энэ нь Монгол Улсад гурван ширхэг байгаа дурсгал бөгөөд хоёр нь Үндэсний номын санд, нөгөө нь Үндэсний төв архивд хадгалагддаг.

Ном, мэдээллийн сан, үзэсгэлэнгийн нээлтэд эрдэмтэн судлаач, уншигчдын төлөөлөл оролцов. Эл ном бүтээх ба мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг Монгол Улсын Үндэсний номын сан болон ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн хооронд 2023 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд хоёр байгууллагын эрдэмтэн судлаачид хоёр жилийн турш гүйцэтгэж, ажлын эхний үр дүнгээ Монгол судлалын Үндэсний зөвлөл, ШУА-ийн санхүүжилтээр олон нийтийн хүртээл болгожээ.

“Монголын ноёд язгууртнуудын гэрийн үеийн бичмэл” цуврал ном цаашид Халхын Түшээт хан аймгийн харьяат тайж нар, Сайн ноён хан, Засагт хан, Сэцэн хан аймгийн ноёд язгууртны гэрийн үеийн бичмэлээр үргэлжилж, нэг цогц бүтээл болгохоор төлөвлөж байгаа юм.

“Чингис хаан судлалын ном зүйн нэгдсэн мэдээллийн сан” бүрдүүлсэн нь монгол судлалд бий болсон томоохон чиглэл болох “Чингис хаан судлал”-ыг хөгжүүлэх, монгол бахархлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр болох ажил болж байна. Энэ ном зүйн мэдээллийн нэгдсэн санг олон нийтэд өнөөдөр нээлттэй болгон тавьсан ба цаашид мэдээллийн санг холбогдох судалгааны байгууллагуудтай хуваалцаж, хамтран баяжуулан хөгжүүлэх ажлыг хийхээр төлөвлөсөн юм. Уг мэдээллийн санг бүрдүүлсэн Чингис хаантай холбоотой судар ном, гар бичмэл, сурвалж бичгийн дээж, Чингис хаан судлалаар гаргасан дотоод гадаадын эрдэм шинжилгээ, судалгаа, утга, уран зохиолын 200 гаруй ном бүтээлээр Их Эзэн Чингис хааныхаа мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан дэд үзэсгэлэн толилуулж байна.

0/1000