horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Чингис хаан цом”-ыг улсын начин Э.Дашаас шилжүүлэн авах бөх хэн бэ?

post-img

Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан “Чингис хаан цом”-ын төлөөх үндэсний бөхийн барилдаан 11-р сарын 21-ний баасан гарагт болно. Уг барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглоно. Барилдах бөхчүүдийг Үндэсний бөхийн холбоо 11 дүгээр сарын 19, 20-нд 10:00-18:00 цагийн хооронд цахимаар бүртгэж буй аж.

Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан өнгөрсөн жилээс эхлэн “Чингис хаан цом” нэртэй болсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.11.02-нд 165 дугаар зарлиг гаргаж, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд түрүүлсэн бөхийг энэ цомоор шагнаж байхаар шийдвэрлэсэн юм. Энэ цом 126 см өндөр, 18 кг жинтэй, хүрэл цутгамал, алтан шармал. Нүүрэн талд “Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” хэмээн монгол бичгээр бичиж, ар талд нь Их эзэн Чингис хааны онги тамгыг мөнхөлсөн байна.

Зураач, дизайнер С.Чулуунбаатар уг цомыг бүтээхдээ дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа монголчууд амар амгалан, дайчин цогтой, хийморьтой байж, Монгол Улс мөнхөд оршин байх бэлгэдлийг тусгажээ. “Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдааны түрүү бөхөөс түрүү бөхөд эл цом шилжин явах юм. Мөн “Чингис хаан” цомын жижиг хувилбарыг жил бүрийн түрүү бөхөд хадгалуулна.

“Чингис хаан цом” гэж нэрлэсэн анхны барилдаанд улсын начин Э.Даш түрүүлж, анхны цомыг өргөжээ. Уг барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, улсын аварга П.Бүрэнтөгс, Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга О.Хангай тэргүүтэй хүчит 128 бөх зодоглож, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат, улсын харцага Э.Даш түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын заан С.Сүхбат үзүүрлэсэн байна.

0/1000