horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

1-р эмнэлгийн газар дээр барилга барих “Мөргөл-Уул”-тай Х.Нямбаатар эвлэрчээ

post-img

УНТЭ-ийн газраас 2005 онд таслан авч, 20 давхар барилга барих гэж буйг time.mn  олон нийтэд илчилж, уг асуудал хэнээс эхтэй, хэнтэй холбоотой, уг газрыг хэрхэн яаж авсан талаар бид “УНТЭ-ийн газраас авч, 20 давхар барилга босгох гэж буй эрхмүүд хэн бэ?” нэртэй сурвалжилгаараа хөндсөн. Үүнийгээ үргэлжлүүлэн, УНТЭ-ийн газраас  “Мөргөл-Уул” компанийн авсан газрын асуудал хэрхэн шийдсэнийг сурвалжиллаа.

“УНТЭ-ийн дэргэдэх газрыг “Мөргөл-Уул” компани хашсан тул уг эмнэлгээр үйлчлүүлэхээр ирсэн иргэд машинаа байрлуулах газаргүй болжээ. Үүний улмаас зарим хүн үүрийн 4 цагт ирдэг аж. Буцаад, эмнэлгийн гаднаас явахын тулд жолооч нар 1-2 цаг зарцуулдаг тухайгаа ярив.

“Мөргөл-Уул” компани энд 5 давхар зогсоол барьж байгаа. Тэр нь ашиглалтад орвол зогсоолын хүртээмж сайжирна. Гэвч энэ газар УНТЭ-ийнх. Үүнийг “Мөргөл-Уул” компанийн талаар шүүхээс гаргасан шийдвэрт тодорхой дурджээ. 

Энэ баримт нь УНТЭ-ийн газрыг эрх мэдэлтнүүд хувьд хуйвалдан өгсөн байж болзошгүй гэх хардлагыг улам бататгаж байгаа юм.  

Ш.Энхбат УНТЭ-ийн газраас хувьдаа авч заржээ

Мөн цаашлаад АН-ын угшилтай Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ш.Энхбат буюу “Жамомед” компанийн эзэн УНТЭ-ийн хашаан дахь газраас авч эмнэлэг барихаар барилгын суурь ухаж 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, түүнийгээ Г.С гэх хүнд зарсан баримт шүүхийн тоймд тусгасан байдаг.

Үүнээс үзвэл анхнаасаа албан тушаал эрх мэдлээ ашиглаж улсын эмнэлгийн газрыг наймаалцсан гэдгийг илтгэж буй.

Х.Нямбаатар өгөөмөр загнав

Давчуу орон зайд 20 давхар орон сууц барихаар зүтгэж буй “Мөргөл-Уул” компанийн эзэмшсэн 1359 ам метр газрын эзэмших эрхийг цуцлах шийдвэрийг хотын дарга Х.Нямбаатар гаргажээ. Ингэхдээ Хотын стандарт, хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлтэд үндэслэжээ. Дүгнэлт:

  • Эмнэлгийн зориулалттай барилга төлөвлөх барилгажилтын норм дүрмийг зөрчсөн буюу А-н палатны болон унтлагын корпусуудаас орон сууц, олон нийтийн барилга, гудамжны улаан шугам хүртэл 30 м байх заалтад нийцэхгүй байна,
  • Хот тосгоны барилгажилтын норм ба дүрэмд зааснаар гол гудамж, замын зорчих хэсгийн ирмэгээс барилгажилтын улаан шугам хүртэлх зай 50 м-ээс багагүй байх заалтд нийцэхгүй байна,
  • Барилгын ажлын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ байхгүй байгаа нь Барилгын тухай хуулийн 4.1.5, 26, 27, 28, 29 дүгээр зүйлд нийцэхгүй байна,
  • Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох журамд нийцэхгүй байна”

УНТЭ-ийн газрыг “Мөргөл-Уул” компанид шилжүүлж, эзэмшүүлэхдээ Газрын тухай хууль, Барилгын тухай хууль зөрчсөн гэж Хотын стандарт, хяналтын газрын улсын ахлах байцаагч үзсэн байна. Иймд нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар 2024 оны 1-р сарын 12-нд тус компанийн газар эзэмших эрхийг нь цуцалсан юм. 

Үүнийг “Мөргөл-Уул” компани эсэргүүцэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ханджээ. Шүүх 2024 оны 10-р сарын 17-нд уг асуудлыг хэлэлцэж “Мөргөл-Уул” компанийн талд шийдвэрлэсэн байна. Үүнийг нийслэлийн засаг дарга болон Хот байгуулалт, хөгжлийн газар эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд ханджээ.  Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, нийслэлийн засаг дарга болон Хот байгуулалт, хөгжлийн газар заргаа авч, УНТЭ-ийн газрыг “Мөргөл-Уул” компаниас буцаан авах боломж бүрдсэн аж.

Гэвч “Мөргөл-Уул” компани уг шийдвэрийг эс зөвшөөрч, хотын даргатай эвлэрэх хүсэлтийг УДШ-д гаргажээ.

Маргалдагч талууд нэгэнт эвлэрсэн учир УДШ өмнөх шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгосон байна.

Концессын гэрээ гэх нэрийн дор…

“Мөргөл-Уул” компани тухайн газарт өөрийн хөрөнгөөр хүүхдийн эмнэлэг барих тохиролцоонд хүрсэн. Бид тус газарт юу барих талаар судалгаа явуулсан. Байршил, бүсчлэлийн хувьд эмнэлэг байх нь тохиромжтой гэж үзсэн. Мөргөл-Уултай гэрээлсэн. Нарийн гэрээг мэдэхгүй.

Хүүхдийн эмнэлгийг “Мөргөл-Уул” эхэлж мөнгөөрөө барина. Дараа нь нийслэлийн ЗДТГ мөнгийг нь тус компанид өгч, эмнэлгийг нь авах зарчмаар явах байх. Үүнийгээ концессын гэрээ байгуулах замаар тэд шийдсэн байж магадгүй” гэх бүдэг, бадаг тайлбарыг Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр өглөө. Харин ЗДТГ-ын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс “Одоогоор байгуулсан гэрээ байхгүй. Байгуулахаар ярьж байгаа” хэмээн мэдээллээд буй. Ийн зөрүүтэй тайлбарыг хийлээ.

УДШ-ээр маргааныг эцэслүүлэх боломж байсаар байтал хотын дарга Х.Нямбаатар яагаад “Мөргөл-Уул” ХХК-тай эвлэрэв. Тэд ямар тохироо хийв гэдэг асуулт үүнээс гарч ирнэ. Х.Нямбаатар 2023 онд “Хувийн аж ахуйн нэгжийг хохироож болохгүй. Дэд төвүүдэд газар нөхөн олгох боломжтой. Нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлж, захиргааны актыг цуцалж болно. Уг газрын эрхийг цуцалбал дахиж барилга барихгүй. Машины зогсоол байгуулах хэрэгтэй. Энэ газрын асуудлыг АТГ-аар шалгуулна” хэмээн мэдэгдэж байв. АТГ-т энэ асуудлын талаар гомдол бүртгэгдээгүй гэсэн юм. Хотын дарга Х.Нямбаатар үгнээсээ буцаж, “Мөргөл-Уул” компанитай эвлэрлийн гэрээ байгуулан, “Газар эзэмших эрх олгох тухай” А/1300 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг сэргээн, 1359 ам метр газрыг тус компанид эрүүл мэндийн байгууллагын зориулалтаар эзэмшүүлээд байна. Магадгүй Х.Нямбаатар Шадар сайд асан С.Амарсайхантай хагаралдахыг хүсээгүй юм болов уу. Ямартай ч С.Амарсайханы ах С.Отгонбаярын хүү О.Тэнүүний хамааралтай АН-ын угшилтай С.Дэмчигийн эзэмшил “Мөргөл-Уул” компанийг өршөөж, эвлэрсэн нь гайхмаар.

Магадгүй хэн нэгний нөлөөнд автсан эсвэл ашиг сонирхол ч байж ч болох юм. Мөн цаашлаад “Мөргөл-Уул” компани 20 давхар барилга барихын тулд гаднаас хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө татсан гэдэг. Гэтэл бүтэлгүйтэж шүүхийн шатанд  очиж унахын даваан дээр хотын даргатай эвлэрэх гэрээг байгуулаад амжлаа. Үе үеийн Засаг дарга нарыг “өлхөн” аргалчихсан “Мөргөл-Уул” компанийн эздийн залинд Х.Нямбаатар орчихлоо.

 Ийн анхнаасаа улс төрийн нөлөө бүхий эрхмүүдийн ашиг сонирхол нэвт шингэсэн энэ газрыг улсад буцаан авах асуудалд анхаарч, газартай холбоотой хүмүүсийг АТГ-т шалгуулаач хотын даргаа! Эцэстээ “Мөргөл-Уул” компани өөрсдийн хөрөнгөөр улсад эмнэлэг барьж өгөөд буцаагаад улсаас мөнгөө авна гэх. Ингэхдээ концессын гэрээгээр халхавчилж татвар төлөгчдийн мөнгөөр туйлах нуу гэх хардлага байна. “Мөргөл-Уул” компанид татгалзахын аргагүй санал тавьсан учраас л энэ тохироо хийгдсэн биз. Концессын гэрээ гэх нэрийн дор “Мөргөл-Уул” компанийн эзэд хүссэн газраа өөртөө үлдээчихлээ. Одоо энэ газар дээр “Мөргөл-Уул” компани эмнэлэг барих уу, эсвэл 20 давхар орон сууц босгох уу гэдгийг харах л үлдлээ. Эцэст нь дурдахад, Шадар сайд асан С.Амарсайхан НИТХ-ын дарга байх үед УНТЭ-ийн хашаан доторх газрын гэрчилгээ “Мөргөл-Уул” компанийн нэр дээр 1359 ам метр хэмжээтэйгээр шилжсэн. Тухайн ондоо удалгүй 2019 онд С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга болсон.

С.Амарсайханыг хотын дарга байх үед буюу 2020 оны 1 дүгээр сарын 2-нд “Мөргөл-Уул” компани УНТЭ-ийн дэргэдэх газар дээрээ барилга барихаар Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяраар архитектор төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан баримтыг дахин дурдъя.

Тухайн үед хотын архитектороор ажиллаж байсан Б.Ууганбаярын эхнэр, АН-ын дэд дарга Т.Пүрэвхатан нэгэн үе “Оюуны-Ундраа” группт бизнесийн зөвлөхөөр ажиллаж байсан гэдэг. Мөн тэднийг эхнэр, нөхөр гэдгийг дараах баримт батлах юм. Иймд УНТЭ-ийн газрыг хэн хэрхэн авсан, авлига, ашиг сонирхлын шинжтэй эсэх талаарх асуудлыг АТГ-т шалгуулах үндэслэл энэ мэт нэгээр зогсохгүй байна. Гэтэл хотын дарга энэ асуудлыг АТГ-т шалгуулахаас яагаад төвөгшөөв.

0/1000