Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу энэ сарын 21-нд тохионо. Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулж, Их эзэн Чингис хааны алтан сургаал, айлдвараас сонордуулан, Төрийн тугийг цэнгүүлнэ.
Мөн энэ өдөр Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол болж, төр засгийн тэргүүн, төрийн өндөр албан тушаалтнууд, “Чингис хаан” одонт эрхмүүд, ёслолд уригдсан хүндэт зочид, иргэд Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэх юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг академич С.Нарангэрэлд хүртээх үү
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хэн хүртэх вэ гэдэг нь “Монгол бахархал”-ын өдрийн өмнө яригддаг. Өнгөрсөн жил НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд энэ одонг хүртээж байв. Тэрээр “Чингис хаан” одон хүртсэн хоёр дахь гадны иргэн болж байв. Монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд “Чингис хаан” тэргүүн дээд одонг мөн хүртээж байсан билээ.
Тэгвэл энэ жил академич С.Нарангэрэлд хүртээнэ гэсэн гэж эх сурвалж мэдээлж байгаа. С.Нарангэрэл нь Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн. Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор цолтой. Монголын хуульч, улстөрч, нийгмийн зүтгэлтэн юм. 1992 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. 2004 онд Японы Нагояа Их Сургуулийн зочин профессороор ажиллаж байсан бөгөөд 2018 онд МУИС-ийн Эмирет профессор цол хүртсэн байдаг.
“Чингис хаан” одонг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэн болон байгууллагыг шагнахаар анх 2002 онд УИХ-ын тогтоол гарч байв. Улмаар 2005 оноос олгож эхэлсэн. “Чингис хаан” одонг зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог. Нийт 18 удаагийн шагнал гардуулах ёслол болсноос 15 нь хувь хүн, байгууллагаас Монгол Улсын Зэвсэгт хүчин, ХҮ хамтлаг, Морин хуурын чуулгыг шалгаруулсан юм.
“Чингис хаан” одон хүртэгсэд:
2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат
2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав
2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан П.Бямбасүрэн
2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж
2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди
2012 онд УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл
2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном
2014 онд Нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай
2015 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо
2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар
2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр
2019 онд Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан ХҮ хамтлаг
2021 онд Дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал Ж.Гүррагчаа
2021 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин
2022 онд Академич Д.Доржготов
2022 онд АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд
2023 онд Морин хуурын чуулга
2024 онд НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар хүртээд байна.
Төмөрбаатарын Батсайхан


