“Туулын хурдны зам” төслийн бэлтгэл ажлууд үе шаттайгаар хийгдэж байна. Тодруулбал, бетон узель барих талбайн 2500 м.кв-т чулуу дайрга дэвсэх ажлыг гүйцэтгэж тэгшилгээ хийсэн бол дам нуруу цутгах суурийн хавтангийн бетон цутгалт нийт 8 ширхэг хийгээд байна.
Мөн замын ул суурийн туршилтын хэсгийн хөрс хуулалт, нягтруулалт, лабораторийн шинжилгээг дуусгасан бөгөөд эхний үеийн замын дүүргэлт 2400 м.куб хийгдсэн. Төслийн хүрээнд 32 км урттай түр буюу технологийн зам барих бөгөөд одоогоор K15+200 – K16+400 хэсгийн замын үндсэн трассын хөрс хуулалт хийгдэж байна.Тус талбайд өдөр тутам 130 гаруй инженер, техникийн мэргэжилтнүүд 50 орчим машин механизмтай ажиллаж байгаа аж.
Түр байгууламжууд бүрэн ашиглалтад орсноор өвлийн улиралд гүүрэн байгууламжийн дам нуруу цутгах ажлыг тасралтгүй явуулж, ирэх оны гуравдугаар сараас үндсэн барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Мөн төслийн хүрээнд нийт 9.8 км урт гүүрэн байгууламж баригдахаас хамгийн урт нь Яармагийн гүүрнээс Маршаллын гүүр, Цэцэрлэгт хүрээлэнгийн урдуур үргэлжлэх 7.2 км урт гүүр байна. Гүүрийн өндөр 14–21 метрийн хооронд хэлбэлзэх бөгөөд Яармагийн гүүр давах хэсэгт 65 метр орчим урт ган дам нурууг суурилуулах онцгой инженерийн шийдэл тусгагджээ.
Хурдны зам ашиглалтад орсноор ачаа тээврийн урсгал төвийн гудамжаар дайрах шаардлагагүй болж, орон сууцны бүсийн агаар, дуу чимээний бохирдол мэдэгдэхүйц буурна. Ингэснээр хотын иргэд аюулгүй, тайван орчинд амьдрах нөхцөл бүрдэж, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, аялал жуулчлалын хөгжилд шинэ боломж нээгдэн, эдийн засгийн эргэлт нэмэгдэх бөгөөд урьдчилсан тооцооллоор хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар өсөх төлөвтэй байгаа юм.
Дашрамд дурдахад, төслийн чиглэл нь Баянзүрхийн товчооноос эхлэн Дархан, Эмээлтийн замын уулзварт хүрч дуусах бөгөөд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүргийн нийт 15 хорооны нутаг дэвсгэрийг хамарна. Улаанбаатар–Налайх чиглэлийн авто замаас Баруун аймгийн чиглэл рүү салаалах аюулгүйн тойрог хүртэлх зургаан эгнээ бүхий 32 км хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж, гүйцэтгэгчээр Хонгконгийн “ХаоЮань групп” ажиллаж байна.





