Төмөр зам, автозамтай огтлолцдог байршлуудад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, автомашины нэвтрүүлэх чадварыг нэмэх зорилгоор Нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж, бүтээн байгуулалт үргэлжилж байна.
Төслийн нэгдүгээр байршил болох “Таван шар”, төмөр замын 396 дугаар гармын нүхэн гарцын ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьд хүрсэн бөгөөд гэрэлтүүлэг, ногоон байгууламж, бусад тохижилтыг хийж дууссан. Үүний зэрэгцээ явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах 90 метрийн урттай явган хүний гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Явган хүний гарцын зураг төслийг магадлалаар батлуулж, барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Харин төслийн гуравдугаар байршил болох “Гермес” төвийн урд, төмөр замын зоорийн нүхэн гарцын төслийн их биеийн бүтээцийн бэлтгэл ажил хийгдэж байна. Тус байршилд түлхэх технологи ашиглан нүхэн гарцын их биеийн бүтээцийг төмөр замын суурь бүтээцийн доор байрлуулж буй бөгөөд гүйцэтгэл 50 гаруй хувьтай явагдаж байна. Түлхэх технологийг ашигласнаар галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулахгүйгээр бүтээн байгуулалтыг шуурхай гүйцэтгэх давуу талтай юм.
Геологийн төв лабораторийн уулзварын нүхэн гарцын газар чөлөөлөх ажил үргэлжилж, нийт 21 нэгж талбараас 18-ыг нь бүрэн чөлөөлөөд байна. Үлдсэн 3 нэгж талбарын асуудал талуудын хоорондын зөвшилцөх шатандаа хэрэгжиж байгаа бөгөөд газар чөлөөлөлт бүрэн дууссаны дараа ирэх хавраас уг байршлын барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.





