Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутагт орших Мөнххайрхан уулнаас 2021 онд МУБИС-ийн Биологийн тэнхимийн багш, доктор В.Гүндэгмаа гичгэний төрлийн шинэ зүйлийн ургамал олж илрүүлсэн байна. Уг ургамлын ангилалзүйн судалгааг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ургамлын ангиллын лабораторийн эрхлэгч, доктор М.Ургамал хийсэн бол генетикийн судалгааг МУБИС-ийн ахлах багш, доктор Г.Онолрагчаа хийжээ.

Эдгээр судалгаагаар уг ургамал гичгэний шинэ зүйл болохыг тогтоож, доктор, профессор Чинбатын Санчир багшийнхаа нэрээр Санчирын гичгэнэ (Potentilla sanczirii V. Gundegmaa, G. Onolragchaa & M. Urgamal sp.nov) гэж нэрлэн, Дэлхийн ботаникийн шинжлэх ухаанд бүртгүүлэв. Уг шинэ зүйлийг 2025.03.07-нд олон улсын импакт фактор өндөртэй “Phytotaxa” сэтгүүлд нийтлүүлсэн юм.

Ургамал судлаач, доктор, профессор Ч.Санчир Дэлхийн шинжлэх ухаанд гуурст ургамлын олон шинэ зүйлийг нээн илрүүлсэн судлаач. Үүнээс гадна хэлбэр, садан, вариац, дэд зүйл зэрэг 120 гаруй ангиллын нэгж таксоныг ургамал судлалд шинээр бичиглэн оруулжээ. Тэр 50 гаруй жилийн хугацаанд Монгол орны бүх нутгаар аялж, нийт 25 мянга гаруй хувь ургамлын биет цуглуулга бүрдүүлэн, Монгол орны байгалийн ургамлын санг үүсгэн баяжуулсан гавьяатай. Ч.Санчир бол В.Гүндэгмаа. М.Ургамал нарын багш.

