horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

36 цаг тасралтгүй өрнөсөн “Hack the future” хакатоны оролцогчид шилдэг шийдэл санал болголоо

post-img

Залуусын ардчилал, хүний эрхийн төлөөх нийгмийн оролцоог дижитал шийдлээр нэмэгдүүлэх зорилготой “Hack the future” тэмцээн 36 цагийн турш тасралтгүй өрнөв. Европын Холбооны санхүүжилттэй, Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, DW Akademie, Монголын Залуучуудын Эвсэл болон “ФАРО фаундэйшн” ТББ хамтран уг хакатоныг зохион байгуулав.

Хэвлэл мэдээллийн зөвлөл олон нийтийн мэдээллийн хүртээмжтэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, залуусын дуу хоолойг бодлогын түвшинд хүргэх иргэний оролцоог бэхжүүлэх зорилгын хүрээнд уг хакатоныг идэвхтэй дэмжин ажиллав. Дижитал орчинд мэдээллийн хүртээмжийг сайжруулах, залуусыг мэдээлэлд суурилсан шийдвэр гаргахад бэлтгэх, хэвлэл мэдээллийн суурь боловсролыг дэмжих нь ХМЗ-ийн үйл ажиллагааны гол чиглэлүүдийн нэг. Энэхүү хакатон залуусын шийдлийг олон нийтэд хүргэх, шинэ санаачилгыг дэмжих чухал талбар боллоо.

Шилдэг багууд болон тэдний дэвшүүлсэн инновац шийдлүүд

“Таван марал од” баг – Хүүхдийн эрхийн урьдчилан сэргийлэх хөтөлбөр: Тус баг залуучууд, хүүхдийн эрхийн төлөө шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх, нотолгоонд суурилсан урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг бий болгох зорилготой юм. Тэдний шийдэл нийгмийн хамгийн эмзэг бүлэгт чиглэсэн бодлогын өөрчлөлтийг эрэлхийлж буйгаараа онцлог байв.

“Team diverse” баг – “Chill хэл” ил тод байдлын платформ: Төрийн албан бичгийн хэллэг буюу “Тэдний хэл” болон залуусын өдөр тутмын “Бидний хэл”-ний хоорондох ялгааг арилгах зорилготой. Төсвийн зарцуулалт, аудитын дүгнэлт, төрийн худалдан авалт зэрэг мэдээллийг залууст ойлгомжтой Meme болон Reel хэлбэрт хөрвүүлэн хүргэх “Chill хэл” платформыг санал болголоо. Тэдний шийдэл нь залууст төсвийн ил тод байдлыг хянах боломжийг хамгийн энгийн, сонирхолтой хэлбэрээр олгох юм.

“0xVoice” баг – Иргэний технологийн цогц платформ: Залуу гарааны бизнес эрхлэгчдэд хууль эрх зүйн орчны мэдээлэл, дэмжлэг үзүүлэхээс гадна УИХ-ын гишүүдийн ажлын гүйцэтгэлийг хянах, мэдээллийг нэгтгэн харуулах, мөн сонгуульд нэр дэвшигчдийн нэгдсэн мэдээллийн санг үүсгэх замаар сонгогчийн боловсролыг дэмжих зэрэг иргэний оролцоог хангахад чиглэсэн цогц функцуудыг агуулсан байна.

Хакатоны бодит үр дүн

  • Залуусын үзэл бодол, нийгмийн оролцоог бодлогын хэлэлцүүлэгт идэвхтэй бөгөөд хүртээмжтэй байлгах технологийн шинэлэг шийдлүүдийг танилцуулсан;
  • Ил тод байдал, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэхэд залуус өөрсдийн санал санаачилгыг дэвшүүлж шийдвэрлэх арга замуудыг санал болгосон;
  • Мэдээллийн хүртээмжийг сайжруулах, ардчилал, хэвлэлийн эрх чөлөөний сэдвээр олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх шинэ контент, платформууд бүтээсэн;
  • Иргэний нийгэм – Залуус – Мэдээллийн салбарын уялдаа холбоог сайжруулсан зэргийг онцолж байна.
0/1000