horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

АН Үндсэн дүрэмдээ нэмэлт өөрчлөлт орууллаа

post-img

АН-ын Үндэсний бодлогын хороо ээлжит 67 дугаар хурлаа өчигдөр /2025.11.21/ Төрийн ордонд хийлээ. Ардчилсан нам Үндсэн дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хандсан. 10 дугаар сарын 17-нд Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар уг дүрмийг хэлэлцэн, 12 заалтыг хуульд нийцүүлэх шаардлагатай хэмээн буцаасан. Уг дүрмээ энэ удаад дахин хэлэлцэв.

Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн талаарх тайлан мэдээллийг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал хуралд оролцогч гишүүдэд танилцуулсны дараа 12 заалт бүхий нэмэлт өөрчлөлтийг ажлын хэсгийн гишүүн Д.Эрдэнэбат танилцуулсан. Түүнтэй холбогдуулан, Үндэсний бодлогын хорооны 26 гишүүн асуулт асууж, хариулт авав. УИХ-ын гишүүн Ж.Баясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулахтай холбоотой асуудлыг хөндсөн бол үг хэлсэн, асуулт асуусан гишүүдийн дийлэнх олонх нь Үндэсний бодлогын хорооны гишүүдийн тоог нэмэгдүүлэх талаар хөндөв.

Дараагаар нь Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг заалт тус бүрээр батлах санал хураалт явууллаа. Хуралд оролцсон нийт гишүүдийн саналаар Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг баталж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлэхийг дэмжсэнээр Үндэсний бодлогын хорооны ээлжит 67 дугаар хурал өндөрлөлөө.

0/1000