Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгЭрүүл мэндийн салбарын ёс зүйн хороо бол “шүдгүй арслан”
- 2025/11/25

- 6 цаг 43 минутын өмнө

- 4 мин уншина

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороо гэж бий. Энэ хороог ЭМЯ-наас томилдог бөгөөд 15 гишүүнтэй. Хороог Д.Оюунбилэг хэмээх эмэгтэй даргалдаг. Түүний удирддаг хорооны бүрэлдэхүүнд ЭМЯ-ны газрын дарга болоод улсын эмнэлэгт 20-иос доошгүй ажилласан эмч нар багтахаас гадна хувийн эмнэлэг, хувийн хэвшлийн анагаахын сургуулийн захирал, хуульч зэрэг төлөөлөл багтдаг. Ёс зүйн хорооны гишүүдийн ажилласан жилийн туршлагатай яриад байх зүйл алга. Харин энэ ёс зүйн хороо чухам яг ямар үйл ажиллагаа эрхэлдэг нь анхаарал татна. Нэрнээсээ үзвэл “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороо” нь эмч, эмнэлгийн салбарынхны ёс зүйн асуудлыг шийдэж, хариуцлага яридаг болов уу гэж ойлгогдохоор.

Гэвч уг хорооны чадамж хариуцлага ярьж хүрдэггүй гэвэл та итгэх үү?

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооны удирдлагыг Эрүүл мэндийн сайд томилдог. Тэр утгаараа салбарын яамны харьяа хэмээх тодотгол тус хороог дагалддаг. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороо нь 2011 оноос үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Хороонд сүүлийн 5 жилийн хугацаанд эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэдээс 600 гаруй өргөдөл гомдол ирсэн байдаг. Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын тухайд судалгааны материалд хамруулж эмнэлгийн захиргаанд мэдээлдэг. Тухайн эмнэлгийн удирдлага тухайн иргэнийг ёс зүйн хороонд ямар гомдол гаргасантай танилцснаар Ёс зүйн хорооны ажил үндсэндээ дуусдаг.

Хэрвээ аль нэг эмнэлэгт гаргасан иргэний гомдлыг эмнэлгийн удирдлага авч хэлэлцэхгүй орхивол тухайн гомдол шийдэгдэхгүй өнгөрнө гэсэн үг. Учир нь Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооноос иргэний гомдлыг шийдвэрлүүлэх талаар эмнэлгээс шахаж шаардах эрх, журам зохицуулалт алга байна. Хэрэв заргач иргэн таарч эмнэлэг уг иргэний гомдлыг шийдэж өгөөгүй талаар ахин ёс зүйн хороонд гомдол гаргавал асуудал сайдын чихэнд хүрэхээс цаашгүй. Өөрийнхөө томилсон эмнэлгийн даргад эрүүл мэндийн сайд иргэний гомдлоос үүдэлтэйгээр хариуцлага тооцох эсэх ч эргэлзээтэй сэдэв билээ. Тэгэхээр эмнэлэгтэй холбоотой гомдол маргаан иргэдэд үүсвэл Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд хандаж цаг алдаж байснаас шууд хууль шүүхийн байгууллагаар явсан нь цаг хожоод зогсохгүй үр дүнтэй болж таарч байна.

Харин эмч, эмнэлгийн ажилтны зүгээс Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд гомдол гаргавал ёс зүйн хороо тэрхүү гомдлыг мөн л тухайн эмнэлгийн удирдлагад танилцуулснаар үүрэг нь дуусдаг. Нэг үгээр бол эмнэлгийнхээ даргатай холбоотой гомдлыг эмч ёс зүйн хороондоо гаргавал ёс зүйн хороо нь тухайн даргад нь “ховлохоос” хэтрэхгүй гэсэн үг. Үүнийгээ хорооны даргын зүгээс “Манай хороо эвлэрүүлэн зуучлах үүрэг хүлээдэг” хэмээн тайлбарладаг. Тэгэхээр эмнэлгийн даргынхаа алдаа оноог шүүмжилж мэдээлсэн эмч, эмнэлгийн ажилтан ёс зүйн хороондоо хандвал буцаад даргынхаа хорхойтой араанд зуугдаад үлдэхээс цаашгүй нь.

Ёс зүйн хорооны үйл ажиллагаа, хариуцлагын хөшүүрэг нь угаасаа торгууль ногдуулах болоод ямар нэгэн шийтгэлд суурилах боломжгүй. Харин тухайн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн дарга ямар алдаа эндэгдэл гаргасныг нийтэд мэдээлж ахин тийм зөрчил гаргахаас сэргийлэхэд чиглэдэг байх учиртай.

Ёс зүйн хариуцлагын асуудлыг ил тод нээлттэй мэдээлдэг цорын ганц салбар бол хэвлэл мэдээллийн салбар байдаг. Алдаа гаргасан сэтгүүлчийг нийтэд мэдээлж бусдад тухайн алдааг давтахгүй байх чиг баримжааг олгодог. Нэг талаараа алдаа гаргасан нэгнээ нийгэмд мэдээлж салбарынхаа нэр хүндийг унагаж байгаа мэт боловч нөгөө талаар тухайн алдааг ахин гарахаас сэргийлэх том хөшүүрэг болж үлддэг давуу талтай. Харин эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооны зүгээс эмнэлгийн асуудлыг нийтэд мэдээлэлгүй хав дарж, тухайн эмнэлэг дотор нь “хов” зөөх маягаар шийдүүлнэ гэдэг өөрөө ямар ч хариуцлагын хөшүүрэг болж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Гэтэл эмнэлэг гэдэг хүний амь нас эрүүл мэнд цаг минутаар хэмжигдэж байдаг эмзэг салбар. Тэр чухал салбарт эмч, эмнэлгийн даргатай хариуцлага тооцох ёс зүйн хөшүүрэг энэ мэт “шүдгүй арслан” шиг нэр төдий байвал цаашид эмч, эмнэлгийн удирдлагуудаас ёс зүй, хүн чанар нэхэх боломжгүй болж мэдэх юм.

Эмч, эмнэлэгт гомдож, сэтгэл дундуур үлдсэн хүмүүс олон байдгийг тус хороонд гомдол гаргасан иргэдийн судалгаа баталсан байдаг. Хүний алтан амь цаг минутаар хэмжигддэг чухал салбарт хариуцлагын мэдэлгүй ёс зүйн хороо байгуулж, төсвийн мөнгөөр жүжиг тоглож байгаа энэ байдлаа эргэн харах цаг болжээ.

Эрүүл мэндийн салбарыг жинхэнэ ёсоор хариуцлагын тогтолцоотой болгоход салбарын яам анхаарч чаддаггүй юм бол засгийн газар нь анхаарал хандуулах учиртай баймаар. 2027 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгохоо зарласан засгийн газар эрүүл мэндийн салбараа эрүүлжүүлэхэд анхаарч, хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх цаг болсныг эрх мэдэлгүй эмнэлгийн ажилтны ёс зүйн хороогоор нь жишээлж сануулахад ийм байна.

- Шинэ
- Хандалттай