horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Дулааны төлбөрөө хугацаандаа төлөөгүй төрийн байгууллагад алданги тооцсонгүй

post-img

“Багануур дулааны станц” ТӨХК 2023 онд Н гэх төрийн байгууллагаас дулааны төлбөрийн алданги нэхэмжлэн, Багануур дүүргийн Иргэний хэргийн шүүхэд өгчээ. Тус компани “Н байгууллага 2022 оны 1, 2-р сарын дулааны төлбөрөө хугацаа хэтэрч төлсөн учраас түүнтэй байгуулсан “Дулааны эрчим хүчээр хангах тухай”, “Дулааны эрчим хүч хэрэглэх тухай” гэрээний 6.9-д зааснаар 2022 оны 1 дүгээр сарын алданги 669.025 төгрөг, 2 дугаар сарын алданги 917.852 төгрөг, нийт 1.586.877 төгрөгийн алдангийг гаргуулж өгнө үү…” гэж шүүхэд ханджээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “…2022 оны эхэнд Төсвийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор 2022 оны 1, 2 дугаар сард улсын төсвөөс зөвхөн цалингийн зардал гаргасан. 3 дугаар сараас тогтмол зардлууд төлөгдсөн. Бид санаатайгаар төлбөрийг хоцроогоогүй. Төрийн сангаас олгосон төсөвт алданги төлөх мөнгө суугаагүй учраас дулааны зардлыг хугацаанд нь төлөөгүй” гэсэн байв.

Үүнийг анхан шатны шүүх 2024 онд хэлэлцээд “Хариуцагч нь төрөөс санхүүждэг төсвийн байгууллага. 2022 оны татварын орлогын төвлөрүүлэлт 1, 2 дугаар сард тасарснаар хариуцагч байгууллага халаалтын зардлыг хугацаандаа төлж чадаагүй болох нь баримтаар тогтоогдож байна. …хариуцагч нь халаалтын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй явдалд үүрэг гүйцэтгэгч талаас шалтгаалахгүй нөхцөл байдал үүссэн байна. Өөрөөр хэлбэл гэрээний үүргийн зөрчил нь үйлдэл эс үйлдэхүй, гэм буруу, хор уршиг, шалтгаант холбоог агуулах бөгөөд хариуцагч талын хувьд …халаалтын зардлаа төлөхгүй байх гэсэн субьектив санаа зорилго байхгүй, халаалтын зардал төсөвт орж ирсэн байхад санаатай зориуд төлөөгүй гэм буруутай үйлдэл байхгүй байна. Иймд гэрээний үүргийн зөрчлийн нэг шинж үгүйсгэгдсэнээр хариуцагчид хариуцлага тооцох үндэслэлгүй…” гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Үүнийг Багануур дулааны станц эсэргүүцэн, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан аж. Тус шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, тус компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж “Талууд гэрээний 6.9-д …алданги тохиролцсон нь Иргэний хуулийн 232.3, 232.6 дахь заалттай нийцжээ. Төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэн талаар зохигч маргаагүй, …үүний улмаас алданги төлөх үүрэг үүссэн. Үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн нь хариуцагч байгууллагын буруугаас болоогүй гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. …талууд гэрээний үүргийг дүгнээд 17,105,637 төгрөгийг хариуцагч байгууллага төлөхөөр тогтож, гарын үсэг зурж, санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан байна. Уг дүнд 1,586,877 төгрөгийн алданги орж тооцогдсон байна. Иймд …хариуцагч байгууллагыг алданги төлөхийг зөвшөөрсөн гэж дүгнэнэ. …Дээрхийг нэгтгэвэл, хариуцагчаас алданги 1,586,877 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 243.1, 232.6 дахь хэсэгт нийцнэ…” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангажээ.

Үүнийг Н байгууллага эсэргүүцэн, УДШ-д хандсан байна. Хяналтын шатны шүүх “…Зохигчийн хооронд байгуулсан гэрээний 6.6-д хэрэглэгч буюу хариуцагч байгууллага хэрэглэсэн дулааны төлбөрийг хангагчаас өгсөн нэхэмжлэлийн дагуу тухайн сарын 15-ны дотор урьдчилгаа төлж, үлдэгдэл төлбөрийг тухайн сардаа багтаан төлөх үүрэг хүлээсэн. 6.9-д хэрэглэгч нь хэрэглэсэн дулааны төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу дутуу төлсөн бол хожимдуулсан хоног тутам төлөгдөөгүй төлбөрийн дүнд 0.5 хувиар тооцон алданги ногдуулахаар тохиролцжээ.

Алданги төлөх талуудын тохиролцоо Иргэний хуулийн зохицуулалтад нийцсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчийг төлбөр төлөх хугацаагаа хэтрүүлсэн үндэслэлээр алданги шаардах эрхтэй. Гэвч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрэхэд хариуцагч гэм буруутай эсэхээс хамааран нэхэмжлэлийн шаардлага хангагдах эсэх нь шийдвэрлэгдэнэ.

Иргэний хуулийн 222.2-т зааснаар тодорхой нөхцөл байдлын улмаас хариуцагч төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй бөгөөд тухайн нөхцөлд хариуцагч гэм буруугүй бол хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй тул тэрээр хугацаа хэтрүүлснээс үүсэх хариуцлагыг хүлээхгүй.

Хариуцагч нь төсвийн байгууллага тул төсвөөс олгогдсон санхүүжилтийн хүрээнд төлбөрийг төлөх боломжтой. 2022 оны 1, 2 дугаар сард байгууллагад хэрэглээний зардлын санхүүжилт олгогдоогүйгээс дулааны төлбөрийг тухайн сард нь төлж чадаагүй, хэрэглээний санхүүжилт орсон 3 дугаар сард дулааны төлбөрийг төлсөн нь тогтоогдсон. Нэгэнт санхүүжилт олгогдоогүй тохиолдолд төлбөрийг төлөх боломжгүй юм.

Ийнхүү төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэнд хариуцагчийг гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй тул түүнийг төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Иймээс тэрээр хугацаа хэтрүүлсний хариуцлага хүлээх үндэслэлгүй тул алданги төлөх үүрэггүй” гэж дүгнэжээ. Ингээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

0/1000