Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод Оролцогч талуудын Ерөнхий Ассамблейн 25 дугаар чуулган 11 дүгээр сарын 24-нд Франц уосын Парис хотод болов. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүний сонгуульд Монгол Улс нэрээ дэвшүүлэн өрсөлдөж, тус хороонд 2025-2029 онд ажиллах гишүүнээр сонгогдлоо.
Тус сонгуульд нээлттэй 5 суудлын төлөө 12 улс өрсөлдсөн байна. Манай улс 161 улсаас 97 улсын дэмжлэг авч, Армени, Бангладеш, Чех, Польш Улстай хамт тус хорооны гишүүнээр ажиллахаар болжээ.
Дэлхийн байгалийн болон соёлын өвийг бүртгэх, өвийн обьектуудын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, шаардлагатай хөтөлбөр, төслийн санхүүжилтийг шийдвэрлэдэг тус хороонд анх удаагаа гишүүнээр сонгогдсон бөгөөд олон талт идэвхтэй дипломат ажиллагааны үр дүнд олон улсын хамтын нийгэмлэгт Монгол Улсын байр суурийг бэхжүүлсэн түүхэн үйл явдал юм. Манай улс дээрх конвенцод 1990 онд нэгдэн орсон. Соёлын ангиллаар Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун ба түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Буган хөшөө бүхий хүрлийн үеийн цогцолбор, байгалийн ангиллаар Увс нуурын ай сав газар, Дагуурын тал (ландшафт)-ыг бүртгүүлсэн. Энэ нь тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүх соёл, байгалийн үнэт өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, археологийн судалгааг нэмэгдүүлэх зэрэгт хувь нэмрээ оруулж байна.

