Монгол Улсын эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж буй анхны стратегийн бүтээн байгуулалт болох Дулааны тавдугаар цахилгаан станц нь 300 МВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Тус станц нь 2×150МВт хүчин чадалтай, орчин үеийн эргэлтэд буцлах үет шаталттай (CFB) технологи ашиглан жилд 2.2 тэрбум кВт.цаг цахилгаан, 4.8 сая ГДж дулаан үйлдвэрлэх бөгөөд утааны хийн шүүлтүүрийн системийн тусламжтайгаар агаар мандалд хаягдах дэгдэмхий үнсийг 99.9 хүртэл хувиар бууруулах боломжтой байгаль орчинд ээлтэй шийдэлтэй байх юм.
ДЦС-5 төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын эрчим хүчний хангамж сайжрахаас гадна агаарын бохирдлыг мэдэгдэхүйц хэмжээнд бууруулна. Тодруулбал, Шивээ-Овоо, Багануур, Бөөрөлжүүтийн хүхэр бага, чанарын хувьд илчлэг сайтай хүрэн нүүрс ашигласнаар шаталтын процессын үр ашиг нэмэгдэж, утааны хийн бохирдуулагч бодисын ялгаралт одоо ашиглаж буй зарим станцтай харьцуулахад бага байна.
Эргэлтэд буцлах үет шаталттай зуух сонгосноор утааны хийн дахь SOx, NOx төрлийн хий ялгаруулалт техникийн зохицуулалтын нормд нийцэж, олон улсын жишигт хүрнэ. Түүнчлэн станц ашиглалтад орсноор төвлөрсөн дулаанд холбогдох хэрэглэгчийн тоо өсөж, гэр хорооллын яндангийн ачаалал буурч, түүхий нүүрс түлдэг айл өрхийн тоо цөөрөх үндсэн нөхцөл бүрдэх юм. Ингэснээр нийслэлийн утааны хамгийн том эх үүсвэрүүдийн нэг болох гэр хорооллын зуухнаас ялгарах утаа огцом багасаж, өвлийн улирлын утааны оргил цагийн бохирдол буурах тооцоололтой. Хотын дэд бүтэц, эрчим хүчний найдвартай байдлыг хангахаас гадна байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологи нэвтрүүлж буй “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах урт хугацааны шийдлийн нэг хэсэг болж байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

- Шинэ
- Хандалттай

