Бид өдөр тутамдаа эрүүл, аюулгүй хүнс хэрэглэж чаддаг уу?
Хүнсний найрлагаас хамаарч эрүүл, зөв хооллолт бий болдог. Гэвч манай улсад хүнсний найрлагын мэдээллийн сан хүртээмжгүй байдаг. Иймд хүн бүр хэрэглэж буй хүнс нь ямар төрлийн найрлага агуулсныг төдийлөн сайн мэддэггүй. Үүнээс үүдэн иргэд хүнсний бүтээгдэхүүний шошго, найрлагын талаар буруу ташаа мэдээлэлд автдаг байна.
“Хүнсний найрлага ил тод байх нь зөв хооллоход чухал нөлөөтэй”
Тэгвэл Хүнсний эрдэм шинжилгээний судалгааны хүрээлэнгээс “Хүнсний найрлагын мэдээллийн сан FDC mongolia-2025” эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг өчигдөр зохион байгууллаа.
Манай улс 1997 онд “Хүнсний найрлагын мэдээллийн сан”-гийн талаар анхны эмхэтгэлийг гаргасан байдаг. Гэвч өнөөдөр НҮБ, ХХАА-н байгууллагын FAO сүлжээний тавьж байгаа шаардлагаар өөрсдийн орон нутгийн хүнсээ лабораторийн өндөр түвшинд шинжилж, датагаа гаргаж авах, хүмүүсийг зөв хооллоход нөлөөлөх хэрэгтэйг хэлж байгаа юм.

Энэ талаар Хүнсний эрдэм шинжилгээний судалгааны хүрээлэнгийн тэргүүн, доктор, дэд профессор М.Пүрэвжав “Хүнсний найрлагын мэдээлэл нь хүмүүсийн хооллолтыг зохицуулахад маш чухал нөлөөтэй юм. Монгол хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулалтын хэв маягаас хамааруулах, бүсчилсэн байдал, улирлаас шалтгаалсан гэх зэрэг олон янзаар хүмүүст ил тод болгосноор хооллолтоос үүдэх стрессийг бууруулах, эрүүл мэндийг сайжруулах, хоолоо зохицуулах, хүнсний хангамжийг зөв төлөвлөх гээд олон зүйлийн үндэс суурь болж чадах юм. Тиймээс үүн дээр илүү анхаарч өнөөдрийн хурлыг зохион байгуулж байна. Цаашлаад энэхүү хурлаа тогтмолжуулж, оролцогч байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа” гэв.
Жишээлбэл, бид 200 г сүүгээр дамжуулан 240 мг кальци авах боломжтой аж. Энэ утгаараа сүү бол кальцийн агууламж хамгийн өндөртэй бүтээгдэхүүн тул сүү уухыг зөвлөдөг байна.
Энэ мэтээр хүнсэнд агуулагдаж байгаа шим тэжээлийн бодисуудын талаарх мэдээллийг хүртээмжтэй болгосноор хүмүүст зөв хооллолтын талаар илүү хялбараар ойлгуулах боломжтой гэдгийг хурлыг зохион байгуулагчид хэллээ.
“Азийн 12 орон хүнсний найрлагын мэдээллийн нэгдсэн сантай болж байна”

Доктор, дэд профессор Б.Энхжаргал “БНСУ-ын Азийн ХХАА-н хамтын ажиллагааны санаачилга гэх байгуулагад Азийн 15 орон нэгдсэн байдаг. Үүнээс Азийн 12 оронд 2021-2024 онд “Хүнсний найрлагын мэдээллийн сан”-гийн төсөл хэрэгжүүлж, үр дүнгээ гаргасан байгаа. Энэхүү төслийн зорилго бол Монгол хүмүүсийн өргөн хэрэглэдэг стратеги, экспортод чиглэсэн, нутгийн брэнд болсон хүнсний бүтээгдэхүүний шимт бодисын найрлагыг тодорхойлж, түүгээрээ мэдээллийн сан бий болгох юм. Ингэснээр Азийн 12 орон нэгдсэн мэдээллийн сантай болж байна. Цаашлаад НҮБ-ын ХХАА-н FAO байгууллагын вэбсайтад хүнсний найрлагын талаар мэдээллүүд маань удахгүй орох юм.
Уг мэдээллийн сан бий болсноор олон талын ач холбогдолтой. Тухайлбал, монгол хүмүүс мах, сүү зэрэг амьтны гаралтай бүтээгдэхүүн түлхүү хэрэглэдэг. Тэгвэл эдгээр хүнсний бүтээгдэхүүнд шимт бодис, уураг ямар хэмжээгээр агуулагдаж байгааг хүмүүс мэдэх боломжтой. Мөн хэрэглэж байгаа хүнснийхээ илчлэгийг тооцох боломжтой болж байгаа юм. Цаашлаад ямар төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэвэл өөрт хэрэгтэй байгаа шимт бодис, витаминаа авах боломжтой зэргээр хүмүүст мэдээллийг илүү нээлттэй хүргэх боломж бий болж байна.
Мөн судалгаа шинжилгээний байгууллагууд дата мэдээллийг авч ашиглах боломжтой. Уг төслийг хэрэгжүүлснээр бид Азийн орнуудад Монгол Улсыг таниулж байна. Түүнчлэн дэлхий нийт монгол хүмүүс ямар төрлийн хоол, хүнс хэрэглэдэг талаар харж байгаа юм.
Төслийн хоёрдугаар үе шатанд дахин монголчуудын түлхүү хэрэглэдэг 100 хүнсний бүтээгдэхүүний шимт бодисын найрлагыг тодорхойлж, мэдээллийн сангаа баяжуулахын зэрэгцээ Монголын уламжлалт 10 хоолыг технологийн дагуу хийж, эдгээрийн дотор ямар найрлага, шимт бодисууд агуулагдсныг тодорхойлох юм. Ингэснээр хоолны соёлоороо дамжуулан гаднын хүмүүсийг татах, Монгол Улсын аялал жуулчлалд хувь нэмэр оруулах боломжтой хэмээн харж байгаа” гэлээ.
Мөн тун удахгүй НҮБ-ын ХХАА-н FAO байгууллагын вэбсайтын “Хүнсний найрлагын мэдээллийн сан”-д Монголчуудын хэрэглэдэг 100 хүнсний бүтээгдэхүүний мэдээлэл орох юм байна. Түүнчлэн энэ чиглэлээр ХААИС-д вэбсайт хөгжүүлж байгаа тул тус сургуулийн сайт руу нэвтрэн хүнсний дата мэдээллүүдийг авч, хүнсний илчлэгээ хэрхэн тооцоолох талаар иргэд мэдэх боломжтой юм.
Хурлын үр дүнд салбар салбарын төлөөллүүд нэгдэж, цаашид анхаарах асуудал, олон зорилго, шинэ санаануудын талаар хэлэлцлээ.
Ч.Бямбахажид


