horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

БНСУ-ын Нанжидо хогны цэг Дэлхийн цомын экопарк болсон түүх

post-img

БНСУ-ын Нанжидо арал нь анх эрдэнэ шишийн тариалан, олон төрлийн цэцэг, ургамлаар баялаг жижиг арал байсан ч, 1978 оноос эхлэн Сөүл хотын ахуйн хог хаягдлын төвлөрсөн цэг болон ашиглагдаж эхэлжээ. Хотын төвөөс зайтай, томоохон талбай бүхий байршил нь тухайн үед хог булшлах бүс байгуулахад хамгийн тохиромжтой газар байсан гэдэг. Гэвч тухайн үеийн Солонгост хогийн цэгийн хий (landfill gas) болон шүүрлийн ус (leachate) боловсруулах орчин үеийн технологи нэвтрээгүй байсан тул 1993 он хүртэл 15 жилийн хугацаанд асар их хэмжээний хог хуримтлагдаж, нийт 100 метрээс дээш өндөртэй, 92 сая м³ эзэлхүүнтэй хоёр том овоолго үүсчээ.

Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл ийнхүү эрс нэмэгдсэнээс үүдэн Сөүл хотын захиргаа Нанжидог хогийн цэгийн зориулалтаар цаашид ашиглахгүй байх шийдвэр гаргасан байна. Түүнчлэн 1998 онд “FIFA–2002” Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Сөүл хотод зохион байгуулах болсноор Нанжидог Экологийн парк—Дэлхийн цомын парк болгон өөрчлөх томоохон бүтээн байгуулалт эхэлсэн юм. Энэ хүрээнд хогийн цэгийн тогтворжуулалт, орчны нөхөн сэргээлт, ногоон байгууламжийн ажил болон таван цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг эрчимтэй хэрэгжүүлж, тэмцээнээс өмнө бүрэн дуусгах хүрээнд маш хурдан хугацаанд төслийг хэрэгжүүлэв.

Дэлхийн цомын паркийн нийт талбай 2.715 км² бөгөөд үүний 66.4 хувь буюу 1.803 км² нь хуучин хог булшилсан хэсэг юм. Нанжидо экологийн паркийг хөгжүүлэх төслийн нийт өртөг 232.2 тэрбум вон бөгөөд бүх зардлыг Сөүл хотын төсвөөс санхүүжүүлсэн байдаг. Үүнээс:
• Хогийн цэгийн тогтворжуулалтад – 140.5 тэрбум вон
• Парк байгуулах, хөгжүүлэх ажилд – 82.7 тэрбум вон зарцуулжээ.

Нанжидог экологийн цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчилснөөр экосистем сэргэж, биологийн олон янз байдал мэдэгдэхүйц өссөн. Парк байгуулагдахаас өмнө 167 төрлийн амьтан бүртгэгдэж байсан бол байгуулагдсанаас хойш найман жилийн дараа, 2010 он гэхэд нийт 731 төрөл зүйл бүртгэгдсэн нь экологийн нөхөн сэргээлтийн үр дүнг тодорхой харуулдаг.

Төслийн гүйцэтгэлийн явцад тулгарч байсан эрсдэлүүдийг дурьдъя.

1. Нийгмийн болон хүн ам зүйн эрсдэл
Нанжидо хогийн цэг дээр ажиллаж, амьдарч байсан нүүх шаардлагатай болж, үүнээс үүдсэн ажлын байрны асуудал хөндөгдөв.

Шийдэл:
Сөүл хотын захиргаанаас Шинэ орон сууц, нийгмийн дэд бүтэц бүхий суурьшлын бүсийг санал болгож, орон нутгийн иргэдийг шилжүүлэх бодлого хэрэгжүүлсэн.
Ойролцоогоор 1,000 айлд орон сууцыг урт хугацаагаар түрээслэх, хувийн орон сууц худалдан авах эрх олгож, ажил эрхлэлтийн хөтөлбөр, ажил олгох төслүүдээр тэдэнд ажлын байр олгож, түр орон сууцыг нураахад нүүлгэн шилжүүлэх зардал зэргийг олгосон.

2. Экологийн эрсдэл:
15 жил хуримтлагдсан хог, органик хог хаягдлын ялгарлаас хорт хий (метан, аммиак) үүсэх эрсдэл үүссэн.Мөн хогны шингэн (leachate) хөрс, усны чанарт нөлөөлөх эрсдэл үүсэв.

Шийдэл:
Газрыг нөхөн сэргээхдээ хогийн давхаргыг тусгаарлах, хамгаалалтын хальс ашиглах байдлаар бохирдлыг багасгасан.
Метан хий цуглуулж, байгальд хоргүй аргаар устгах, мөн заримыг эрчим хүч болгон ашигласан. Усан хангамж, шингэн ялгарал хянах системийг суурилуулсан.

3. Техникийн болон нөхөн сэргээлтийн эрсдэл:
Тухайн үеийн БНСУ-д хогийн цэгийг дахин боловсруулах, нөхөн сэргээх орчин үеийн технологи дутмаг байсан.
Газрыг нөхөн сэргээх, мод тарихад хөрсний тогтвортой байдлыг хангах шаардлагатай нөхцөл байдалтай байсан.

Шийдэл:
Олон үе шаттай инженерийн төлөвлөгөө боловсруулж, хогийг давхарга тус бүрээр бохирдлоос хамгаалах ажлыг хийсэн.
Газрыг нөхөн сэргээхийн тулд органик болон бусад нөхөн сэргээх материал ашигласан.
Мод тарихдаа хөрсний шинжилгээ хийж, хамгийн зохистой ургамлын төрөл зүйлийг сонгосон.

Сургамж:

-Хогийн цэг зэрэг ашиглалтгүй болсон нийтийн газрыг арилжааны зорилгоор бус цэцэрлэгт хүрээлэн зэрэг олон нийтийн зориулалтаар ашиглах нь зохистой.
-Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хогийн цэгүүдэд ч зохих түвшний байгаль орчны менежмент хийх боломжтой.
-Хогийн цэгээс ялгарсан метан хийг цуглуулж, дүүргийн халаалтад ашиглах системийг нэвтрүүлэх боломжтой.
-Хогийн цэгийг байгуулахдаа байгаль орчинд хохирол учруулахгүй техникийн нөхцөлийг хангах, хогийг булах үеийн арга хэмжээг тусгайлан журамлах, хогийн цэгийг хаасны дараах хяналт, боловсруулалт хийх зэрэг үйл ажиллагааг нарийвчлан тусгасан хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг БНСУ-ын Нанжидо хогийн цэгийн туршлага, түүхээс харж болно.

0/1000