Улаанбаатарт өглөө эрт үйлчлүүлэгчдээ угтдаг явуулын кафе цөөн. Харин хүйтэн улирлыг боломж гэж харсан Т.Амарсанаа өглөө бүрийн 07:30 цагт үүдээ нээж, байгаль орчныг ажингаа кофе уух боломж бүрдүүлсэн “Уулын кофе” нэртэй бизнесээ эхлүүлжээ. Өглөөний хүйтэн агаарт халуун кофе уун, тайвширч болох энэ жижигхэн явуулын кофе шопыг time.mn танилцуулж байна.
–Анх яагаад кофе шоп нээе гэж бодсон бэ? Яагаад ууланд явуулын кофе шоп гэж?
Анх эхнэртээ кофе чанаж өгдөг байсан юм. Тэгээд найз нөхөд, танилууд маань уугаад “Амт нь гоё байна” гэж магтаад. Тэгээд олон хүнд сайн амт түгээе, өөрсдийн стильтэй кофе санал болгоё гэж бодсон. Одоо хотод бараг байшин болгоны буланд кофе шоптой болсон. Би ч гэсэн нэг тийм буланд очоод, нээж болох л байсан. Гэхдээ олон дундаас ялгарч, онцгой байхыг хүссэн. Өөр, содон, хүмүүст шинэ мэдрэмж өгөх зүйл хийх хэрэгтэй гэж санагдсан. Ингээд ууланд, байгаль дунд явуулын кофе шоп нээе гэж шийдсэн дээ. Байгальтай ойрхон, тайван орчинд хүмүүс амттай кофе уугаасай гэж бодсон.
-Кофе шопоо дөрвөн улирлын турш ажиллуулахад ямар давуу болон сул тал тулгардаг вэ? Өөр газарт ажиллуулж үзэв үү?
Би сумын наадам дээр явуулын кофе шопоо ажиллуулж үзсэн. Мөн аялж явахдаа зам зуур бас кофе зарж, зардлаа нөхөх байдлаар нэлээн газраар явсан. Гэхдээ үнэндээ тийм сайн ашигтай байсан гэж хэлэхэд хэцүү.
Хамгийн том бэрхшээл нь өвлийн хүйтэн. Өвөл бол бидний сул тал ч гэсэн давуу тал болгон ашиглаж болох юм шиг санагддаг. Тиймээс өвөл аль болох эндээ тогтож, байнгын байршилдаа үйлчилье гэж бодож байна. Харин хүмүүс хэр худалдаж авахаас олон зүйл хамаарна.
-Хамгийн дурсамжтай мөчөөсөө хуваалцвал. Анх кофе шопоо нээх үед хүнд бэрх үе байв уу?
Элсэн тасархайд очоод майхан татаад, саравчаа босгож, сандал ширээгээ тавьчхаад, эхний үйлчлүүлэгчээ хүлээж байтал гэнэт мөндөр орсон. Бүр 10 минут аймаар ширүүн мөндөр орж, тавьсан бүх юм нураагаад, юу ч үгүй болгочихсон. Тухайн үедээ нэлээн хэцүү санагдсан ч одоо бодоход үнэхээр мартагдашгүй дурсамж болсон.
– Кофеноос өөр юу зарж байна вэ?
Ер нь бол өвлийг зарж байна. Энд өвөл аягүй гоё харагдаж байна. Хот хот ч юм шиг, хөдөө ч юм шиг. Намар бол их сайхан байсан. Урт налгар намар байсан. Намаржингаа намрыг зарсан. Одоо ингээд өвлийг зарж байна. Хавар хаврыг зарна. Улирал зардаг л хүн болчхоод сууж байна даа.
– Цаашид “Уулын кофе шоп”-оо хэрхэн хөгжүүлэх бодолтой байна вэ?
Би машиндаа л ажиллаад байна шүү дээ. Ер нь энэ чинь стандарт бус үйлчилгээ шүү дээ. Тэгэхээр үүнийгээ гоё хөгжүүлээд, яг одоо байгаа концепцоо алдахгүйгээр нэг тийм жижигхээн кофе шоптой болохыг мөрөөддөг. Цонхоороо байгаль хараад, тухтай суухад сайхан мэдрэмж өгдөг.
–Хүмүүс кофе уухдаа зөвхөн сэргэх биш, тайвширч, тухлах гэж уудаг. Таны хувьд кофе гэж юу вэ?
Кофе уух ер нь хүнийг их сайхан тайвшруулдаг. Кофены соёл маш хүчтэй, нөлөөтэй. Хүн хоорондын харилцаа, бизнесийн холбоос, аялал жуулчлалын холболт гээд бүгдийг багтаадаг маш том агуулгатай. Кофе бол миний бодлоор ид шидтэй ундаа шүү дээ.
Би эндээс явж чадахгүй байгаа гол шалтгаан нь энэ орчин. Богд уулын энгэрт байна. Урдуур гол урсаад, цонхоороо хотыг харж, ойр хавийн мод, зарим амьтан харж суухад үнэхээр сайхан. Гэхдээ энэ бүгдийг хүн тэр болгон анзаараад байдаггүй. Бид өөрсдийн дэргэд байгаа гоё зүйлсийг олж харахгүй байна шүү дээ. Хүн болгон хааая нэг тийм шинэ, нэг их гоё юм хайгаад л явдаг ч юу хайж байгаагаа мэдэхгүй байдаг. Харин энд байхад, хотын төвдөө шахуу орчинд хөдөөгийнх шиг гоё, тайван мэдрэмж мэдрүүлдэг. Үүнийг хүмүүст ойлгуулахыг хүсдэг.
–Та энд спикер дээр ямар дуу, хөгжим тавьдаг вэ?
Сүүлийн үед би дандаа үндэсний язгуур урлагийн янз бүрийн дуу сонсох болсон. Хөөмий хүртэл сонсох дуртай. Би овооны хажууд сууж байж аймаар диско тавиад байх нь зохимжгүй. Тэгэхээр язгуур урлаг, морин хуурын ая тавьдаг. Үйлчлүүлэгчид “Өө ямар гоё юм бэ?” гээд дуртай сонсдог.
Манайд аман хуур татдаг нэг залуу ирж, аман хуур тоглосон. Үнэхээр гоё. Би өглөө ирэнгүүтээ “Би монгол хүн” гэдэг дууг тавиад, ажлаа эхлүүлдэг юм. Монгол дуу, морин хуураа сонсоод ажилдаа орох гоё шүү дээ.
–Энд нэлээн хүйтэн юм байна. Гэхдээ саравчинд энэ теньд гараа ээгээд зогсоход үнэхээр дулаахан юм аа.
Манай энд чинь голын жавартай. Наанаа хүйтэн. Салхи ер нь саравч тогтоохгүй юм билээ. Тэгэхээр нь хүмүүс захиалсан кофегоо хүлээж байх зуураа гараа ээгээд дулаацаж болохоор газан тень авчраад тавьчихсан. Машинаараа салхийг нь хаагаад, жаахан нэмэрлээд байгаа юм. Ийшээ салхилбал машинаа нөгөө талдаа гаргачихдаг юм. Ер нь гараа ээгээд зогсоход үнэхээр сайхан дулаацдаг.
–Өглөө эрт онгойдог, явуулын кофе зардаг газар тун цөөн. Та яагаад эрт, 7:30-д нээдэг юм бэ. Өдөрт хэчнээн хүн үйлчлүүлдэг вэ?
Намар хүмүүс үнэхээр эрт кофе уудаг. Харин одоо жаахан хүйтэрч, өглөө 7:30-д нээсэн ч цөөн хүн ирдэг. Ихэнх нь 8, 9 цаг гэхэд л ирж эхэлдэг. Манайх шиг өглөө эрт онгойдог газар бас цөөн. Ажлын цагтай зэрэг онгойгоод л бөөн оочир үүсгээд байдаг. Тиймээс би болж өгвөл эрт онгойхыг боддог.
Ер нь ажлын өдрүүдэд 30-40 аяга кофе зарчихад болдог. Амралтын өдрүүдэд ачаалал их, хүмүүс зорьж ирдэг болохоор илүү олон үйлчлүүлэгчтэй байдаг. Дулаахан өдөр бол хүн ирэх нь олширдог. Өчигдөр гэхэд нэлээд олон хүн ирсэн.
–Энд тавьчихсан байгаа номнуудын тухай яриач?
Намар хүмүүс ном гарчиглаад сайхан суудаг. Зарим нь номнуудаа сольж авч яван, оронд нь өөр ном авчирч өгдөг. Одоогоор зарим номыг нь далд хийчихсэн байгаа. Одоо гадаа хүн сууж, ном унших нөхцөл бүрдэхгүй, хүйтэн байна. Би өөрөө гарчиглах гээд энэ хэдийг гаргаад тавьчихсан юм.
Энэ бол хүмүүсийн өгсөн номнууд. Өөрөө сонирхож авсан ном биш. Кофе шоп гэчихсэн болохоор кофены тухай ном голдуу бий. Би байнга ном уншдаг хүн биш. Гэхдээ ном унших зуршил суулгах гээд үзээд л байна. Гэхдээ амаргүй юм байна. Багаасаа зуршил болгоогүй болохоор тэгдэг байх л даа. Харин подкаст их сонсдог зуршилтай болсон. Манай том хүү, эхнэр бол ном их сайн уншдаг.
– Танай гэр бүлийнхэн таны бизнесийг хэр дэмждэг вэ?
-Манай хүн ажил ихтэй, завгүй байдаг. Гэхдээ хажуугаар нь намайг дэмжиж тусалдаг. Орой гэртээ кофегоо граммлаад бэлдчихдэг. Бид хоёр ширээнийхээ хоёр талд сууж, хамт граммлаж, цаашдаа яах вэ гэдгээ ярилцдаг. Манай том хүү ч их оролцдог. “Ингэх үү?”, “Тэгье” гээд дажгүй санаа хэлдэг. Тэр нь надад үнэхээр хөгжилтэй, хөөрхөн санагддаг.
–Та мэргэжлийн бариста юу, эсвэл сонирхлоороо хийдэг ажил уу?
Би мэргэжлийн бариста биш. Сонирхол, хоббигоороо үүнийг хийж байгаа хүн. Дуртай юмаа хийж байгаа болохоор үнэхээр аз жаргалтай хүн энд сууж байдаг. Хүмүүстэй ярилцаж, харилцаж байхад үнэхээр сайхан мэдрэмж төрдөг.
Одоогоор би ихэвчлэн цонхоор үйлчилж байгаа болохоор хүмүүстэй харилцах боломж жаахан хязгаарлагдаж байгаа. Гэхдээ хууч хөөрч, ярилцаж, харилцаагаа үргэлжлүүлэх боломж бий. Зөвхөн кофе хийж өгөх биш, хүмүүстэй холбоо үүсгэж, сайхан харилцаа бий болгох нь надад хамгийн чухал санагддаг.
–Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа

