Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025.05.21-нд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьсан. Шударга ёсыг хангах, нийтийн албан тушаалтны гэмт хэргийг бууруулах, төсвийн хөрөнгө болон нийгмийн ашиг сонирхлыг хамгаалах, хураан авсан хөрөнгийг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах зорилготой гэсэн чихэнд чимэгтэй тайлбар дагалдуулсан энэ хуулийн төсөл хаачив. Баталчихвал сайхан л хууль. Гэвч уг төсөл хууль болж амжилгүй, сураг алдрав. О.Алтангэрэл, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нартай хамт улс төрөөс арччихсан юм биш биз!

УИХ энэ хуулийн төслийг батална гэх баталгаа анхнаасаа байгаагүй. Найдвар ч бараг үгүй. Үүнийг мэдсээр байж, Засгийн газар ийм хуулийн төсөл боловсруулсан нь ард түмнээс оноо авах, авлигачдын янзыг үзэх гэсэн хэрэг ч байж мэднэ. Их хурлын гишүүдийн тоо 126 болж нэмэгдсэн ч чанар нь нэмэгдсэнгүй. Үндсэн хууль зөрчиж, ҮХЦ-д дуудагдаж, дарга нь огцорч, дэд даргаа огцрууллаа. Одоо ерөнхий нарийн бичгийн даргаа солих гэж байна. Олуулаа болох тусам хөл толгойгоо олохоо больсон энэ их хурлаас Хөрөнгө хураах хуулийг хүсээд ч нэмэргүй болох шиг боллоо. Батлагдчихвал хэрэгжүүлнэ, батлагдахгүй байлаа ч хэн нь авлигатай хийх тэмцлээс ухарч, хэн нь авлигачдыг дэмжиж, хэн нь авлигатай тэмцэж байгааг ард түмэнд харуулах, өөрсдөө ч харах эвтэйхэн боломж гэж Л.Оюун-Эрдэнэ, О.Алтангэрэл нар уг хуулийн төслийг тайлбарлаж байв. Тэднийхээр болж байх шиг байна.

2025.08.20-ны лхагва гарагт Г.Занданшатар, З.Дашдаваа нар хэний ямар хөрөнгө хурааснаа мэдээлэх хэрэгтэй байна

УИХ энэ хуулийн төслийг унагачихвал Засгийн газар авлигатай тэмцэж, УИХ авлигыг дэмжсэн мэт харагдах байв. Яаж харагдахаа их хурал өөрсдөө л шийдэж байна. Л.Оюун-Эрдэнээс Засгийн газрын тамгыг хүлээж авсан Г.Занданшатар Хөрөнгө хураах хуулийн төсөлд нь ч үргэлжлүүлэн санаа тавьж, батлуулах ёстой. Гэвч авлигачид, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийнхээ хөрөнгийг АТГ-тай хамтран хураахаа Ерөнхий сайд Г.Занданшатар “Ирэх 7 хоногийн лхагва гарагт…” гэж ирээд, өдөр судартай нь олон нийтэд ил цагаан зарласнаас хойш таг боллоо. 2025.08.20-ны лхагва гарагт Г.Занданшатар, З.Дашдаваа нар хэний ямар хөрөнгө хурааснаа мэдээлэх хэрэгтэй байна.

Уг нь Хөрөнгө хураах хууль үнэхээр хэрэгтэй. Бүр өчигдөр, уржигдар, 1990 онд батлах ёстой хууль байлаа. “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгээ, мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг” гэж 3 жилийн өмнө мэдэгдсэн Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд авлигатай хийх энэхүү тэмцлээсээ алхам ч ухрахгүйгээр тэмцэх болно” гэж анх 2022.12.15-нд зарлаж, түүнээс хойш түүнийгээ байнга давтсаар уг хуулийн төслийг 2025.05.21-нд УИХ-д өргөн барьсан. Тэгвэл баялгийн, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэхээ илэрхийлж буй одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар уг хуулийн төсөлдөө санаа тавьж, УИХ-ын шинэхэн дарга Н.Учралаа шавдуулах хэрэгтэй.

Л.Оюун-Эрдэнэ, О.Алтангэрэл нарынхаар болж байх шиг байна

Алдсан юмаа буцааж авах нь хүний хууль. Хүүхэд хүртэл алдсан чихрээ нэхдэг, булаалгасан тоглоомоо буцааж авахаар тэмцдэг. Нийтийн мөнгийг идэх, амар аргаар баяжих зорилгыг нь таслахын тулд идсэн хөрөнгийг нь буцааж авах л ёстой. Тэр нь тэдэнд шийтгэл болж, тэдний замаар цувагсдын цувааг тасалж, идээчин уугаачдын замыг үгүй хийнэ.

Ийм хүмүүс шүүхийн хаалга татлаа ч ял авахгүй. Авлаа ч завшсан хөрөнгөтэйгөө үлддэг. Энэ бол тэд зорилгодоо хүрсэн гэсэн үг. Баяжих гэж л тэр албан тушаалд очсон. Тиймээс мөнгөтэй, хөрөнгөтэй үлдэх нь тэдэнд чухал болохоос, хэдэн жилийн хорих ял бол тийм ч сүртэй шийтгэл биш. Тэдний гаргаж буй үйлдэл, араас нь тэдний замаар цувах албан тушаалтнуудын цуваа, цүнхийг нь барьж гүйх горилогчдын горьдлого тасрахгүй байгаа нь үүнийг нотолно. Хэрвээ тэдэнд хорих ял, нэр төрөө алдах нь ял, хариуцлага, шийтгэл болж чаддаг сан бол өдийд албан тушаалын хэрэг гээч зүйл байхгүй болчихсон байх биз.

“Хууль тогтоох дээд байгууллагаас хулгайн сэжигтнүүд биш хууль төрж байх ёстой” гэж УИХ-ын даргын тамгыг хүлээн авсныхаа дараа хэлсэн үгэндээ Н.Учрал хүрч, Хөрөнгө хураах хуулийг энэ намрын чуулганаар хэлэлцүүлэх болтугай!

- Шинэ
- Хандалттай