Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ой энэ онд тохиож байна. Үндэсний номын санд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан номын үзэсгэлэн гарлаа. Тус үзэсгэлэнд Занабазар судлалтай холбоотой ном хэвлэлээс гадна “Өндөр гэгээний намтар”, Өндөр гэгээний зохиол “Адистидын дээдийг хайрлагч эх”, “Өндөр гэгээнд өргөсөн залбирал” зэрэг гар бичмэл, судалгааны бүтээл дэлгэжээ.
“Цагийг тохинуулагч залбирал, адистидын дээдийг хайрлагч эх”
Халхын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазар (1635–1723) энэхүү залбирлыг улс орон, ард түмний эв нэгдэл, амар амгаланг тогтоох зорилгоор бурхан шүтээндээ даатган айлдсан байдаг. Залбирлын утга нь хямрал, тэмцлийг намжааж, энх тайван, эрх тэгш байдлыг тогтоох үйлсэд чиглэдэг юм байна.


