“Томуугийн вакцинаа хийлгээрэй” хэмээн намраас хойш олон удаа сануулсаар байтал хэнэггүй царайлсаар томуугийн улиралтай золгов. Тэгсэн хэрнээ хүүхэд нь ханиад хүрсний бурууг өрөөлд тохох ээж, аав цөөнгүй харагдана. Нийслэлийн Баянгол дүүргийн Хүүхдийн эмнэлэгт шөнийн 02:00 цагт хүүхдээ тэвэрсэн, ундууцсан аав, ээжүүд урт дараалал үүсгэжээ. Хүүхдүүдийн дийлэнх нь 38-39 хэмийн халуунтай байгаа тул халуунаа буулгах арга хэмжээ авахыг эмч нар сануулж байлаа. Халууныг нь буулгасны дараа үзнэ гэх үгэнд эцэг эхчүүд түүртэж, эмч нарт “Хурдан үз. 3-4 цаг хүлээлээ” хэмээн уурлаж байв.
Эмч нар дугаарлан зогсох аав, ээжүүдээс “Хүүхдэдээ томуугийн вакцин хийлгэсэн үү” гэж асуухад дийлэнх нь “Үгүй” хэмээн хариулсан юм. Баянгол дүүргийн Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт ирсэн хүүхдүүдийн дийлэнх нь хэвтэх эмлүүлэх шаардлагатай байсан юм. “Ор дүүрсэн. Одоо хүүхдүүдээ хаана авах вэ, эмч ээ?” гэх сувилагч тэвдэн нааш цааш гүйнэ. Эмч, сувилагч нарын нэг шөнө дайны талбар шиг л өнгөрч байлаа. Томуугийн улирал эхэлсэн энэ өдрүүдэд Хүүхдийн эмнэлгүүд энэ мэтчилэн хүний хөлд дарагджээ.
500 хүүхдийн 10% нь томуугийн вакцин хийлгээгүй байв
Бид зөвхөн энэ өвөл ханиад томуу тусаад байгаа юм биш. Жилийн жилд томуугаар өвчилдөг. Хүүхдээ, өөрөө өвчлөхгүй байх нь эцэг, эхчүүдээс шалтгаална гэдгийг эмч нар нэгэнтээ сануулж байв. Томуугийн халдварыг бууруулах, урьдчилан сэргийлэхийн тулд вакцин хийлгэх хэрэгтэй. Гэвч хийлгээгүй, хэнэггүй загнасан бид өнөөдөр хэнийг буруутгах билээ.
ЭНЭҮТ-ийн хүүхдийн эмч Э.Намуун “39-40 хэм хүрч халуурдаг, халуун огт буурахгүй ханиад хүүхдүүд хүрч байна. Томуугийн вирүс өмнө нь 12-р сард дэгддэг байсан бол энэ жил эрт дэгдсэн. Вакцин хийлгээрэй гэж хэлсэн эмч нар “Хор шахлаа” гэх дайралтад өртдөг. Яаралтай тусламжийн тасагт 24 цагт 500 гаруй хүүхэд ирж байна. Үүнээс вакцин хийлгэсэн 5-6 хүүхэд байна” хэмээн олон нийтэд хандан бичжээ.
Энэ жилийн тухайд Эрүүл мэндийн сайд нь ч вакцинд итгэж, эмнэлгийн коридорт 1 ч ор дэлгэхгүй хэмээн мэдэгдсэн. Гэвч бодит байдал дээр эмнэлгүүд 1 байтугай ор дэлгэжээ. Тухайлбал: Баянзүрх дүүргийн Хүүхдийн эмнэлэг коридортоо ор дэлгэсэн. Зарим эмнэлэгт 2 хүүхэд дундаа 1 ортой байна. Энэ мэтчилэн үзээгүйгээ үзэж байгаагаа эцэг эхчүүд хэлсэн. Ийм нөхцөл байдалд хүүхдүүд дахин шинэ халдвар авах, өвчин эдгэрэхгүй удах гэх мэт олон сөрөг үр дагавар бий болдгийг тэд онцолсон юм.
Хэрэв 6 сартайгаас 6 настай хүүхдүүдээ вакцинд хамруулчихсан бол бид өнөөдөр шөнө дөлөөр эмнэлгийн гадна оочирлохгүй байжээ. Халдвар тархаж буй шалтгаан нь 1-рт вакцинд хамрагдалт хангалтгүй, 2-рт H3N2 вирүс хувирч байгааг ХӨСҮТ тандалт судалгаагаар илрүүлжээ. Үндсэндээ орчлын тархвар судалгаагаар томуу туссан өвчтөнүүдийн 60 орчим хувь нь H3N2 вирүс, 10 хувь нь синциталь вирүсийн халдвар авсныг тогтоожээ. Томуугийн вакцин хийлгэсэн хүүхдүүдэд өнөө жил синтицаль вирүс хөнгөн хүрч байгаа аж. Энэ вирүс огцом өндөр халуурах шинж тэмдэгтэй, хоруу чанар өндөртэйг эмч, мэргэжилтнүүд тодотгож буй. Нууц хугацаа нь 3-5 хоног. Хоолой улайх, үрэвсэх, огцом өндөр халуурах байдлаар өвчин эхэлдэг. Богино хугацаанд гуурсан хоолой, уутанцрыг үрэвсүүлж, уушгины хатгалгаа үүсгэдэг. Ихэнхдээ 0-6 сартай нялхсын өвчин хүндэрч, амьсгалын дутагдалд ордог. Вакцин хийлгээгүй бол ийм хүндрэл гарч байгаа аж.
Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр томуугийн дэгдэлт нийслэлд алаг цоог түвшинд бий.

Одоогийн байдлаар 10 мянган хүн тутмын 57-58 нь уг вирүсийн халдварыг авах эрсдэлтэй байна. Ханиад, томуу туссан өвчтөнүүдийн 81 хувийг 6 сартайгаас 15 настай хүүхэд эзэлж байгаа аж.

2024, 2025 онд улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эрт буюу 9-р сард эхэлсэн. Энэ онд гэхэд Монгол Улс ДЭМБ-аас зөвлөсөн, томуугийн А хүрээний 2 хэв шинж, B хүрээний 2 хэв шинжийг агуулсан 4 цэнт вакциныг сум, өрхийн эмнэлгээр дамжуулан, хийсэн юм. Вакцинд үнэгүй хамруулсан хүмүүс:
- 6 сартайгаас 6 настай хүүхдүүд
- Жирэмсэн эмэгтэй;
- 65-аас дээш насны ахмад, архаг хууч өвчтэй хүмүүс;
- Эмнэлгийн ажилтан, сургууль, цэцэрлэгийн багш нар
Эрүүл мэндийн яамнаас гаргасан судалгаанаас үзэхэд Монгол Улсад жил бүр улирлын томуугийн дэгдэлт 10-р сараас эхэлж 1, 2-р сард оргил үедээ хүрдэг. Жилд дунджаар 630.000-700.000 хүн өвчилж, 45.000-47.000 өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 40-50 хүн нас бардаг байна. Өнгөрсөн оны статистик мэдээгээр амьсгалын замын өвчний шалтгаант нас баралт нь 0-1 насны хүүхдийн эндэгдлийн шалтгааны 2-рт, 1-4 насны хүүхдийн эндэгдлийн шалтгааны 1-рт, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн шалтгааны 20 хувийг эзэлж байна. 5 хүүхэд тутмын 1 нь уушгины хатгалгаагаар нас баржээ. Ийм эрсдэл байхад бид вакцинаар л хүүхдээ хамгаалж чадна.
Сүүлийн 3 жилд томуугийн улирал удаан үргэлжилж, өвчлөл 1.5-2 дахин нэмэгдсэнийг ЭМЯ тодотгож буй. Томуу ид дэгдсэн үед эмнэлгийн орны ачаалал 2-3 дахин ихсэн, эмч, сувилагч хүрэлцэхгүй болдог. Энэ мэт олон хүчин зүйлийн улмаас нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн салбарт нэлээд дарамт учруулдаг талтай.
490 хүүхдээс 230 нь цэцэрлэгтээ иржээ
Өвчлөл нэмэгдсэн учраас сургууль, цэцэрлэгийн ирц багаслаа. Тухайлбал: Нийслэлийн 301-р цэцэрлэг 490 орчим хүүхэдтэй. Өчигдөр 230 орчим хүүхэд иржээ. Хүүхдүүдийн 50-иас дээш хувь нь цэцэрлэгтээ ирээгүй. Учир нь ханиад хүрсэн, гэнэт огцом халуурсан гэх шалтгаантай байгаа аж.
Энэ талаар 301-р цэцэрлэгийн эмч Б.Энхбаяр “Бид өвдөж, ханиалгаж, халуурсан хүүхдүүдийг авахгүй буцааж байна. Манай цэцэрлэгийн ирц багассан. Үндсэндээ ирээгүй, өвдсөн хүүхдүүд гэнэт халуурсан гэх шалтгаантай. Эмнэлэгт хэвтсэн хүүхэд ч бий. Манай цэцэрлэг намар томуугийн вакцинд бүх хүүхэд, багш нарынхаа 75 орчим хувийг хамруулсан. Ханиад хүрсэн гэх хүүхдүүд вакцинд огт хамрагдаагүй” гэлээ.
Вакцин хийлгэсэн хүүхдүүд ханиад тусаагүй, цэцэрлэгтээ явж байна. Зарим эцэг, эх вакцинд хүүхдээ хамруулахаас татгалзсан бол зарим нь “Хүүхэд ханиадтай” гэх шалтгаанаар хийлгээгүй гэнэ. Сургууль, цэцэрлэгийн хичээл, сургалтаас чөлөөлөгдсөн хүүхдүүдийн 60 орчим нь хувь нь ханиад, томуу тусжээ.
Тэгвэл энэ насны хүүхдүүдийн дунд халдвар их байгаа шалтгааныг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал С.Энхболд

“Вакцины үйлчлэл сайн байгаа. Бид энэ жил 0-5 насны 150 мянга гаруй хүүхдийг хамруулсан. Томуу, томуу төст өвчний тархалт 6-15 насны хүүхдүүд буюу сурагчдын дунд түгээмэл байна. Энэ насныханд улирлын томуугийн вакцин хийгээгүй. Бид ирэх жилээс энэ насныханд хийхээр төлөвлөж байгаа” хэмээв.
Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөлгүй, урьдчилж сэргийлэх нь чухал байгааг энэ удаагийн томуугийн дэгдэлт харуулж байна.

