БНСУ-ын жүжигчин Ли Сүн Жэ таалал төгссөнийг гэр бүлийнхэн нь өнөөдөр олон нийтэд мэдэгджээ. Жүжиг, телевизийн цуврал, уран сайхны кинонд 70 орчим жил тоглосон тэрээр 91 насалсан байна.
1934 онд БНАСАУ-ын Хёрён хотод төрсөн Ли Сүн Жэг 4 настай байхад тэднийх гэр бүлээрээ Сөүл рүү нүүжээ. Тэрээр Сөүлийн үндэсний их сургуульд сурч байхдаа жүжигчин болж, 1956 онд “Beyond the Horizon” жүжгээр театрын урлагт хөл тавьсан байна.

1991-1992 онд Солонгосын үзэгчдийг байлдан дагуулсан “What on Earth is Love” хэмээх хит цувралаар үзэгчдийн танил болжээ. Ингээд 1992 онд тухайн үеийн эрх баригч Ардчилсан либерал намаас хууль тогтоох байгууллагад сонгогджээ.
Телевизийн олон ангит 140 кинонд тоглосон энэ жүжигчин 70-аад насандаа “High Kick!” (2006 он), “High Kick Through the Roof” (2009 он) цуврал киногоор залуу үеийнхний дунд алдаршжээ. “Grands Over Flowers” (2013 он) реалити шоунд оролцож, Шекспирийн “King Lear” (2021 он) жүжгийн гол дүрийг бүтээн, 2024 оны 10 дугаар сард эрүүл мэндийн шалтгаанаар жүжиглэхээ больсон байна.

Тэр 2024 онд “KBS Drama Awards” наадмаас шагнал хүртсэн хамгийн ахмад жүжигчин болсон юм. “Шилдэг жүжигчин”, “Шилдэг хос” шагналаа гардан авахаар тайзнаа гарахдаа тэр бусдын тусламжтайгаар явж байлаа. “Ийм урт амьдрахдаа өнөөдөр шиг өдрийг харахыг их хүссэн. Амьдралын минь турш намайг дэмжиж байсан үзэгчдэдээ баярлалаа” гэсэн түүний үг үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөжээ.

