horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Монгол улсын Гавьяат тамирчин, Монгол улсын Арслан Доржпаламын Ганхуяг агсныг Баасан гарагт сүүлчийн замд нь үднэ

post-img

Монгол улсын Гавьяат тамирчин, Монгол улсын Арслан Доржпаламын Ганхуяг агсныг 2025 оны 11-р сарын 28-ны Баасан гарагт сүүлчийн замд нь үднэ.

Түүнийг сүүлчийн замд үдэх хүндэтгэлийн ёслол 2025 оны 11-р сарын 28-ны 05:40-07:30 цагт Соёлын төв өргөөнд болно.

Доржпаламын Ганхуяг нь Өсөх идэр, Улам нэмэх, Уран мэхт, Хурц шаламгай, Өрнөн дэлгэрэх, Үлэмж бадрах Монгол улсын Арслан, Монгол улсын Гавьяат тамирчин, Чөлөөт, Жүдо, Самбо, Сумо, Сонгомол бөх, Кураш, Рагбигийн олон улсын хэмжээний мастер, Сагсан бөмбөгийн спортын мастер цолтой шилдэг тамирчин, Монголын спортын түүхэнд нэгэн том ноён оргил байлаа.

Тэрбээр ямар ч спортод орсон сэтгэл зүрхээ бүрэн зориулж, тууштай дайчин чанараар үнэмлэхүй амжилт гаргаж, ирээдүй хойч үедээ залгамжлан сургаж, дасгалжуулж, бидэндээ урам зориг, үнэт өв үлдээжээ.

Бидний эрхэм нөхөр АПУ компанид 2002 оноос хойш тасралтгүй 23 жил хамтран ажиллахдаа уламжлалаа хүндлэн дээдлэх байгууллагын үнэт зүйлд үндэсний спортын гайхамшиг, багийн спортын эв нэгдэл, хүчирхэг соёлыг манлайлан бэхжүүлж, спортын бүхий л уралдаан тэмцээнүүдийг удирдан зохион байгуулж ирсэн нь “АПУ Олимп”, “Үргэлж өөдөө Сагсанбөмбөг, Волейболын лиг” болон хөгжиж хамт олны маань эв нэгдлийн бэлгэ тэмдэг, соёлын тулгуур багана болж чаджээ. АПУ олимп, Шунхлай олимп, Хүнсчдийн спорт наадам, Бизнес лиг, УСУГ-н нэрэмжит тэмцээн, Үйлдвэрчний Эвлэлийн хорооны тэмцээн, МҮХАҮТ-ийн нэрэмжит тэмцээн гэх мэт олон тэмцээн уралдаанд оролцон ихэнхид нь манлайлан түрүү цомоо хадгалан явсаар ирсэн юм.

Түүнчлэн Дэд хурандаа Д.Ганхуяг нь Зэвсэгт хүчний 124 дүгээр ангид биеийн тамир, спорт хариуцсан дарга, Зэвсэгт хүчний 256 дугаар ангид  хэмжил зүйн офицер, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороонд техник спортын бүлгийн дарга, төвийн дарга, Биеийн тамир, чийрэгжүүлэлтийн төвийн даргаар тус тус  томилогдон ажиллаж байлаа.

Тэрбээр “Алдар” спорт хороонд ажиллах хугацаандаа Зэвсэгт хүчний нэрийн өмнөөс Дэлхийн цэргийн спортын холбоо (CISM)-ны тэмцээн уралдаанд баг хамт олноо  амжилттай удирдан оролцуулж  байсан юм.

Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Дайчин алдар-III, II медаль, Эх орны төлөө  I,II медаль, Цэргийн хүндэт, Батлан хамгаалах яамны  тэргүүний ажилтан, Батлан хамгаалах яамны хүндэт  тэмдэг, Ардын хувьсгалын болон Зэвсэгт хүчний ойн  медалиудаар тус тус шагнаж байлаа.

Байгууллагын дотоод соёлыг бүрдүүлэх спортын бүхий л үйл хэрэгт удирдан чиглүүлж бидэнд зөвлөн ард нь уул шиг түшиг тулгуур болж спортын гайхамшгийг мэдрүүлэн, спортын өрсөлдөөнч сэтгэл зүй, бууж өгөхгүй сэтгэлийн хүчээр тэмцэх, ялах, ялагдах зэргийг түүнээс суралцаж хэдий өрсөлдөж явсан үе бид бүхэнд олон байлаа.

Бидний сэтгэл зүрхэнд түүний эрдэмт даруу, жудагтай, шударга дайчин зан, амгалан төрх, зөөлөн дулаан хайр энэрэл, эв эеийг дээдэлсэн хүнлэг нөхөрсөг зан, олноо хүндлэгдсэн эрхэм чанарууд үүрд мөнхөд хадгалагдан үлдэж, үеийн үедээ бахархан санах болно.

0/1000