1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр манай улс Ардын Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталжээ. Өнөөдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталсны 101 жилийн ой тохиож байна. Энэхүү үйл явдал нь манай улсыг Бүгд Найрамдах байгуулалд шилжин орсон Ази тивийн анхны улсын нэг болгосон түүхтэй.
Улсын анхдугаар Их Хурал 1924 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Нийслэл хүрээнд эхэлж, Халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон Ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 төлөөлөгч нь оролцжээ. Анхдугаар Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталсан юм.
Монгол Улсын анхны Үндсэн хууль нь 6 бүлэг, 50 зүйлтэй. Анхны Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах Бүрэн эрхтэй Ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” хэмээсэн байна.
Аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгааждаг. Он цаг, нийгмийн хөгжлөө дагаад Монгол Улс Үндсэн хуулиа 4 удаа өөрчилсөн боловч анхдугаар Үндсэн хуульд “.. улсын дээд эрхийг ардад эдлүүлж, улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ” хэмээн тунхагласан энэхүү заалт одоо ч утга агуулгаа хадгалан ардчилсан шинэ Үндсэн хуульд оршсоор байгаа юм.


