Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын 33 гишүүн Ухаахудагийн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслөө 2025.10.06-нд УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн байдаг. Уг тогтоолын төслийг УИХ хэлэлцээд хүлээж авсангүй.
Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Харбины хэлэлцээрийг хянан шалгах түр хороо байгуулах боломжтой боллоо.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас энэ талаар тодрууллаа.
-Танай хороо ямар бүрэлдэхүүнтэй байх вэ?
-Процессын хувьд их нарийн юм байна. Олонх болон цөөнхөөс төдөн хувь нь, тэр дотроо бас парламентад суудалтай бүх намын төлөөлөл орох ёстой гэсэн. Үүний дагуу бүрэлдэхүүнээ тогтсон. 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр түр хороо байгуулах саналаа өгсөн.
-Түр хороо байгуулагдвал ажлаа эхлэхэд бэлэн үү?
-Бүр анх 9-р сард чуулган эхлээгүй байхад Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр шүгэл үлээн, УИХ-ын гишүүдэд бичиг илрүүлснээр үүнд би анхаарлаа хандуулсан. Яамд, “Эрдэнэс Тавантолгой” компанид бичиг баримт хүсэж албан бичиг явуулсан ч “Эрдэнэс Тавантолгой”-гоос одоо болтол хариу ирээгүй. Ямар бичиг баримт чухал вэ гэхээр нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээнүүд. “Эрдэнэс Тавантолгой”, “Чайна-Энержи” компанитай байгуулсан гэрээ, төмөр зам холбох гэрээ, “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс олборлох хүчин чадлыг нэмэх гэрээ. Эдгээр гэрээг маш нарийвчилж үзэж таарна.
Хамгийн гол нь яагаад Монголын гол экспортын түүхий эд болох нүүрсний үнийг бага тогтоосон бэ гэдэг нь. Монгол, Хятадын хилийг төмөр замаар холбохыг бүгд дэмжиж байгаа. Н.Ганбат гишүүн бид хоёр 2 гараа өргөөд дэмжинэ.
2024 оны 2-р сард “Эрдэнэс Тавантолгой”-н БЭТ Ганбат гэдэг хүн тухайн үеийн ЗГХЭГ-т Хятадтай “Эрдэнэс Тавантолгой”-н байгуулж байгаа хэлэлцээрийн танилцуулгыг явуулсан байдаг. Түүнд Хятадын тал манай нүүрсийг биржийн үнээр авахыг хүлээн зөвшөөрөв гэсэн байна лээ. Бирж дээр өнөөдөр 1 тн нүүрс 120 доллароор зарж байгаа бол 120-иор авъя гэж хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Энэ бол хамгийн чухал. Хятадын тал энэ үнээ 5% хөнгөлөх хүсэлт тавьсан байгаа. Гэтэл яагаад олон жил 55 доллароор зарах болов оо?

