horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Н.Алтанхуяг: ТӨК-ийн захирал шоронд явдаг. Энэ бол хэн нэг хүний буруу биш

post-img

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн ажлын алба, Конрад Аденауэрын сан хамтран өчигдөр “Төрийн өмчит компанийн эзэн хэн бэ” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Цуврал хэлэлцүүлгийн анхныхад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Конрад Аденауэрын сан, “Эрдэнэс Монгол”, “Эрчист Монгол” компанийн төлөөлөл болон хуульч, судлаачид оролцов. Уг хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас дараах мэдээллийг тодрууллаа.

-Төрийн өмчит компаниудыг цэгцлэх ажлыг хаанаас эхэлбэл, яавал оновчтой болох бол?

-Төрийн өмчит компаниудын ашгийг яаж сайжруулах вэ. Үнэхээр ашиггүй, алдагдалтай ажиллаад байгаа компаниудыг хувьчилъя. Хувьчлах янз янзын арга бий. Ер нь төрийн өмч гэдэг юмнаас салж болох юм уу, үгүй юм уу? Германд  төрийн өмчийг яадаг юм гэдгийг сая сонслоо. Аль ч улсад төрийн өмч байх ёстой салбар, байхаас өөр аргагүй салбар гэж бий. Бас улс, орон нутгийн онцлогоос хамаараад өөр байдаг юм байна.

Манай бол сонгууль болохоор төрийн өмчит компанид улс төрийн томилгоо хийдэг. Тэр захирал тэр компанийг үр ашигтай, алдагдал багатай ажиллуулна гэхээсээ идэж уугаад дуусгачхаад байгаа ш дээ. Үүнийг яаж цэгцлэхээ өнөөдөр ярилаа. Манай Засгийн газрын түвшинд өнөөдөр ямар байдалтай байна. Үүнийг яаж өөрчлөх боломж, алдаа, оноо байгаа вэ гэдгийг ТӨБЗГ дэлгэрэнгүй хэллээ. Ер нь өнөөдөр бид ямар ямар тоо, санаан дээр санал зөрөөд байгаа юм. Цаашид үүнийг өөрчлөх ямар санал байгаа юм. Олон улсын байгууллагаас манай Засгийн газарт өгсөн санал, зөвлөмжүүдээс алийг нь авах юм. Одоо хууль өргөн барьчихсан байгаа. Ер нь Монгол Улсын аль салбарт төрийн өмчит компани байх ёстой юм бэ гэдгээ яриагүй байж шууд өөрчилье, зохион байгуулъя гээд яваад байж болох юм уу. Асуудлыг аль болох олон толгойгоор тал талаас нь нухацтай ярьж байгаад, зөв шийдэл олон зорилготой.

-Та өөрөө хувьчлалд ямар саналтай байгаа юм бэ. Төрийн өмчит компаниуд 60 их наядын хөрөнгөтэй гэж байна. Үүнийг хувьчлах уу, зарах уу, хувьцаа гаргаж Хөрөнгийн биржээр арилжих уу?

-Төрийн өмчит компаниуд 60 их наядын хөрөнгөтэй. Улсын төсөв 30 их наяд. Төрийн өмчит компаниудаас орж ирж байгаа мөнгө чинь өөрөө бараг 30 их наяд байгаа. Тэгээд тэр нь хаашаа орчхоод байгаа юм бэ? Энэ чинь асуудал. Төрийн өмчит компаниудыг өөрчлөн зохион байгуулах гээд байгаа. Үүний цаана удирдлага, менежмент нь ямар байх юм. Болохгүй бол бүр хувьчилъя. Хувьчилж болохгүйнх нь удирдлага, зохион байгуулалтыг өөрчилье. Төстэйг нь нийлүүлье. “Эрчис Монгол” ТӨХХК-д эрчим хүчний компаниудыг бөөгнүүллээ. Иймэрхүү байдлаар, үйл ажиллагааны төстэй байдлаар нь нийлүүлэх ажил хийгдэнэ.

Хувьчлал гэдэг үгэнд бид болгоомжтой хандах хэрэгтэй. Гэхдээ хувьчлахыг нь хувьчлах хэрэгтэй. Яаж гэдэг нь аж ахуйн нэгжээс ихээхэн хамаарна. Бусад улсыг харахад, жил бүр тодорхой хувийг нь олон нийтэд зардаг компани байна. 49%-ийг нь нэг дор гаргаад зарчхаж болдог компани ч байна. Янз янз. Тийм учраас алийг нь ямар аргаар хувьчилбал манайд зөв байх вэ гэдгийг хэлэлцэх хэрэгтэй.

-Таны Засгийн газар төрийн өмчит компаниудыг цөөлж болоогүй юм уу? Та Ерөнхий сайд байсан шүү дээ.

-Манай үед чинь төрийн өмчийн компаниуд олигтой ашиг, орлого олдоггүй байсан. Монголд одоо 2 мангас л байгаа ш дээ. Төрийн өмчийн 100 гаруй компани байхад 2 л мангастай. Маш их хэмжээний ашигтай ажилладаг 2 компани л байна. “Эрдэнэс Тавантолгой” чинь бидний үед 350 сая долларын зээл авчихсан, өрөнд орчихсон, өтөнд идэгдчихсэн байлаа. Тэр компанийг яаж ажиллуулах вэ гэдэг цаг үе байлаа. Өнөөдөр тэр компани хэдэн их наядын орлого олж байна. Нөхцөл байдал өөр байсан юм.

2-рт, тэр үеийг бодвол нүүрсний үнэ өссөн. Манайх гэдэг айл чинь зэсээ зарж нэг хэсэг амьдарсан юм ш дээ. Тэр нь үсрээд 2 тэрбум доллар. Одоо ганцхан “Эрдэнэс Тавантолгой” 10 их наядын борлуулалт хийж байна. Ийм том 2, 3 компанитай болчихсон.

Бид хэдэн зуун компанийн тухай ярих нь ач холбогдол багатай. Хэдэн том компаниа яаж зөв удирдлагатай, менежменттэй болгох вэ, яаж хувьчлах, хянах вэ гэдгээ ярих ёстой.

Муу жишиг одоо Монголд тогтлоо шүү дээ. Захирал тавьдаг. Захирал нь шоронд явдаг. Дахиад солиод тавилаа. Дахиад тэр захирал нь шоронд явдаг. Энэ бол хэн нэг хүний буруу биш байна шүү дээ. Бид буруу схемээр л ажиллаад байна. Энийгээ өөрчилье. Энийг яаж өөрчилж болох вэ гэхээр, зөвхөн улстөрчид ярьдаг биш, хуульчид, шинжээчид, эдийн засагчид, олон улсын туршлага оруулж ирдэг, алдаа оноог нь сонсдог болох ёстой. Ингээд нэг зөв бодлого босгоод авъя. Тэр нь нэг өдөр, нэг хэлэлцүүлгээр босохгүй.

Манай Засгийн газар 1 юм хийсэн. Төсвийн мөнгөөр маш олон байшингийн суурь тавиад хаячихсан байсан. Цаашаа үргэлжлүүлээд барих гэхээр өртөг нь их өндөр. Гэтэл Засгийн газар мөнгө багатай. Тэгэхээр нь зарим дутуу барилгыг дуудлага худалдаагаар зарсан юм. Төсвийн мөнгөөр тэрийг гүйцээсэнд орвол зарцуулсан мөнгөө олж аваад, өөр хэрэгтэй юманд нь оруулъя гэсэн. Хийх хүн арга олоод, хийхгүй хүн шалтаг хайдаг.

-Гадаадаас менежментийн баг авчраад ажиллуулбал яах бол?

-Бусад улсад амжилттай хэрэгжсэн туршлага Монголд ирээд дампуурдаг тал бий. Хөгжлийн банкийг анх Японы удирдлагатай болгоё гээд. Би тэр үед Тэргүүн шадар сайд байсан. Тэгтэл гэнэт япон биш, солонгосууд ороод ирсэн. Солонгосууд орж ирээд бас л үр ашиг муутай юм хийсэн. Би тэрийг хэзээ мэдсэн бэ гэхээр Ерөнхий сайд болоод. Засгийн газрын оролцоогүйгээр ТУЗ нь хуралдаад, Хөгжлийн банкныхаа зээлийг олгочихсон байсан.

Ер нь бид захирал, ТУЗ-ийг нь солиод, асуудал сайжрахгүй гэдгийг ойлголоо шүү дээ. Сууриар нь өөрчлөх хэрэгтэй. ТӨБЗГ энэ чиглэлээр ажил хийж байна. Төрийн өмчийн компаниуд хэдэн төгрөгийн хөрөнгөтөй юм, хэдэн төгрөгийн тендер зарлаад байгаа юм. Бүх юм нь мэдэгдэхгүй байна. 10 их наядын тендер зарлаж байгаа компанийн захиралд очиж пялдгадахаас өөр яах юм. 1 тендерийг нь ч гэсэн авчих юм сан гээд. Их наядаа байг, 1 тэрбумын тендер авчих юм сан гээд. Ингээд л алаан хядаан болж байгаа ш дээ.

1-р сайн ажил бол энэ бүх үзүүлэлтийг ТӨБЗГ онлайнаар ил болгож байгаа юм байна. 2-рт, Ерөнхий сайд сая нэг чухал үг хэлсэн. Би тэрийг хэлсэндээ байж, хэвтсэндээ хонох болов уу гэж бодож байна. “Төрийн өмчийн компаниудаас эхний ээлжинд хэрэггүйг нь хувьчилна” гэж хэлсэн. Зөв. Юуг нь хувьчлах юм бэ, эхлээд. Хуушуур хийж байна, төрийн өмчит компани. Хувцас оёж байна. Төр хийх шаардлагагүй юмыг хийж байгаа компаниудын тухай ярьсан байхгүй юү. Их зөв зүйтэй. Энийгээ хэрэгжүүлчихвэл бас л хэдэн компани хувьд шилжээд, хуушуураа хий л дээ. Хувцсаа оё л доо. Барилга сайн барьдаг нь тэрийгээ барь л даа. Төр оролцмооргүй юмыг хийдэг компани нэлээн олон байгаа биз дээ. Амралт сувиллын газар заавал төрийн өмчийнх байж яах юм.

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Төрийн өмчтэй холбоотой 2 ч хуулийн төслийг хэзээ хэлэлцэх юм бол?

-Одоо ингээд ярьж эхлэх байх. Тэрэнд зориулж ийм хэлэлцүүлэг хийж байгаа юм. Их хуралд нэлээд хэд суусан хүний хувьд харахад, их хурлын гишүүдийг мэдээлэлжүүлэх ажил маш муу байна. “Манайх ингэж яваад буруудсан. Ингэсэн чинь зөвдсөн” гэх мэтээр асуудлаа ярилцаж ойлголцмоор байна. Ийм мэдээлэл УИХ-ын гишүүдэд хэрэгтэй. Их хурлынхаа гишүүдийг мэдээлэлжүүлээд, материалаар сайн хангая. Төрийн үйл ажиллагаа ил тод байгаад байвал манай аж ахуйн нэгжүүд, мэргэжлийнхэн оролцоно. Ингэж байж юм зөв явдаг юм. Тэгэхгүй хэдэн улстөрч сууж байгаад юм ярихаараа “Яавал манай намд ашигтай байх вэ”, “Яавал нийгэмд гоё харагдах вэ” гэдэг юм л яриад байна.

-Намрын чуулганаар ганцхан хууль баталсан нь Төсвийн хууль. Хаврын чуулганаар олон чухал хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан. Тэднийгээ хурдан хэлэлцэх, батлуулахад АН шахаж ажиллаж болох уу?

-АН-аас хамаарахгүй байгаа шүү дээ. АН-ын дотор болж байгаа тэр хүндрэл бэрхшээлд бид хошуу нэмбэл “Хошуу нэмлээ” гэж хэлнэ. Эд сая шийдэлцэж байгаа юм уу, цэгцэрч байгаа юм уу, нэг юм болж байна шүү дээ. Би бол өөртэй чинь санал нэг байна. Хайран намрын налгар цагийг хямарсаар байгаад дуусгалаа. Одоо хурдтай ажиллах хэрэгтэй. Иймэрхүү юмнаасаа эхлэх хэрэгтэй.

-Хууль батлах биш, томилгоо л хийдэг болчихлоо.

-Тэрийг би хангалттай шүүмжилдэг болохоор өнөөдөр хувь байдлаар ярьчихъя.

-Хөгжлийн банкны хуулийг шинэчлэн найрууллаа ч тодорхой өөрчлөлт гарахгүй юм биш үү?

-Одоо УИХ судлаачдын хэлсэн асуудлыг харж, янзлаад, буцааж болно. Эсвэл ажлын хэсэг байгуулаад, их хурлын гишүүдийн санаа оноог тусгаад, хуулийн төслийг өөрчлөх боломжтой.

0/1000