АНУ-ын Төрийн департмент, АНУ-ын Монгол Улс дахь ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр 2020 оноос нийслэлийн зорилтот 5 дүүрэгт “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдахаас хүүхдийг хамгаалах” нь төсөл хэрэгжиж байна. Нийт 87 өсвөрийн клүбийг ерөнхий боловсролын 66 сургууль, МСҮТ болон ДЗМОУБ-ын орон нутгийн салбарт байгуулан 204 чиглүүлэгч багш, 155 өсвөрийн чиглүүлэгч бэлтгэж, 1976 суралцагч хамруулжээ.
Төслийн хүрээнд хууль, эрх орчныг шинэчлэх, хуулиар үүрэг хүлээсэн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийг нийслэлийн ерөнхий боловсролын 52 сургуульд хэрэгжүүлэн, хүүхэд хөгжлийн кабинетуудыг тохижуулав.
Өнөөдөр ерөнхий боловсролын 5 сургууль дээр “Хүүхдийн хөгжлийн клүб”-үүдийг нээж, тохижуулсан кабинетуудыг хүлээлгэн өглөө. Үүнд:
- Баянгол дүүрэг: 13-р сургууль ,
- Баянзүрх дүүрэг: Амгалан цогцолбор сургууль, 79-р сургууль,
- Сонгинохайрхан дүүрэг: 104-р сургууль,
- Сүхбаатар дүүрэг: Эрдмийн хөтөч сургууль.
Хүн худалдах гэмт хэрэгт хэн ч өртөж болно. Иймд энэ чиглэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өртсөн тохиолдолд авах хариу арга хэмжээг салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд тохируулгат орчин, мэргэшсэн хүмүүс удирдан зохион байгуулах нь үр дүнтэй. Хүүхдүүд өөрт болон найздаа тулгарч буй асуудлаа ярихдаа айж мэгддэг, үүнээс шалтгаалан асуудлын учиг шалтгааныг олоход хүндрэл үүсдэг. Иймд хүүхдэд ээлтэй өрөө тохижуулж, тэдэнд асуудлаа ярих боломжийг нээх нь чухал.
“Ухаалаг хөтөч”, “Өөрчлөлтийн төлөөх дуу хоолой”, “Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүсэлтийн талаарх судалгааг ерөнхий боловсролын сургуулиас авахад нийт 352 сургууль уг төслийг хэрэгжүүлэх хүсэлт өгчээ.

