“Сайн карт”, иргэний үнэмлэхний QR кодоор нийт 112,849 өрх, “Хотула” дижитал картаар 66,795 өрх шахмал түлш худалдан авсан тухай мэдээллээ. Иргэд, аж ахуйн нэгжүүдэд хийсэн хяналт шалгалтын хүрээнд 1,111 өрхөд зөв галлагааны заавар, угаарын хий мэдрэгчийн ажиллагаа болон зуух, пийшингийн бүрэн бүтэн байдлын талаар зөвлөгөө өгч, 1,020 өрхийн зуух, пийшинд засвар үйлчилгээ хийжээ. Мөн түүхий нүүрс хадгалсан болон худалдсан нийт 7 зөрчлийг илрүүлсэн. 2025 оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн 12 байршилд дроноор түлшний хэрэглээнд хяналт тавьж байгаа бөгөөд энэ нь орчны хяналтыг илүү нарийвчлалтай болгох зорилготой юм. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 25,900 иргэнд гарын авлага, зөвлөмж хүргэж, цахим мэдээллийн сувгаар 401,672 иргэнд мэдээлэл түгээсэн бөгөөд 75 удаагийн видео контентыг олон нийтэд хүргэсэн байна. Угаарын хий мэдрэгчийн дохиоллын дагуу нийт 45,532 өрхийн дуудлагад очиж, 91,064 иргэнд анхны тусламж үзүүлж, дахин хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгсөн.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 117,000 угаарын хий мэдрэгч суурилуулаад байгаа бөгөөд цаашид нийлүүлэх 45,000 төхөөрөмжийг худалдан авах гэрээг 2025 оны арваннэгдүгээр сарын 17-нд “Интеллигент технологи” ХХК-тай байгуулсан бөгөөд эхний ээлжийн 10,000 төхөөрөмж энэ долоо хоногт ирэх юм. Шахмал түлшний үйлдвэрлэлд хийсэн хяналт шалгалтын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-д зургаан удаа шалгалт хийж, хагас кокс болон шахмал түлшний найман дээж, мидлингийн хоёр, барьцалдуулагчийн нэг дээжийг лабораторид шинжилгээнд хамруулсан бөгөөд бүгд стандартын шаардлага хангасан дүнтэй гараад байна гэлээ.
Мөн ирэх 2026 онд Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах “Ногоон бүс”-д хамаарах 46,080 өрхийг нэмэгдүүлж, нийт 51,080 өрхийн гэр болон байшин сууцыг дулаалж, бүх төрлийн хий, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, бусад эх үүсвэрт холбож, 2027 онд “Ногоон бүс”-д хамаарах 52,010 өрхийг хатуу түлшний хэрэглээнээс халж, хий, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, бусад эх үүсвэрт холбохоор төлөвлөн ажиллаж байна. Мөн 17,000 айл өрхийн газрыг дахин төлөвлөлтөд оруулан барилгажуулна. 50,000 орчим өрхийг хагас коксон шахмал түлшээр хангах гэнэ.


