Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан “Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 12 дугаар сарын 8-12-нд Төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимд зохион байгуулна.
Сонсгол явуулах сэдэв:
12 дугаар сарын 8-ны өдөр “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудал;
12 дугаар сарын 10-ны өдөр “Оюутолгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар;
12 дугаар сарын 12-ны өдөр “Оюутолгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар (үргэлжлэл).
Бүртгэл:
Сонсголд оролцогчдыг 12 дугаар сарын 4-ний 17:30 цаг хүртэл бүртгэнэ.
Шуудангийн хаяг:
14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-131, Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын газар /Лавлах утас: 51-261440/
Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn
• Оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаар бүхий хүсэлтийг бичгээр болон цахим шуудангаар бүртгүүлнэ. Оролцогч санал, тайлбар, мэдээллээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө (2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дотор) бичгээр ирүүлж болох бөгөөд нэр, хаяггүй саналыг бүртгэхгүй болохыг анхаарна уу.
• Оролцох хэвлэл мэдээллийн байгууллагууд хүсэлтээ Улсын Их Хурлын Тамгын газарт албан бичгээр ирүүлнэ.
Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогч, ажиглагчийн тоо танхимын багтаамжаас шалтгаалан хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулна.

