Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам ээлжит шуурхай хурлаа зохион байгуулж, салбарын ажлуудын хэрэгжилт, тулгамдсан асуудлаа хэлэлцлээ. Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж ажлын гүйцэтгэлтэй танилцаад холбогдох нэгж, албан тушаалтнуудад дараах чиглэл, үүргийг өглөө. Үүнд:
- Шатахууны нийлүүлэлт, үнэ, бодлогын зохицуулалтын ажлуудыг эрчимжүүлж, бүх сумдын хангалтыг хэвийн байлгахад чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх;
- Газрын тосны бүтээгдэхүүний бөөний тусгай зөвшөөрлөөр импортлогчоос шатахуун авч дамлан борлуулж үнэ өсгөдөг асуудалд хяналт тавьж, харин импорт хийх боломжийг олгох, Импортын тусгай зөвшөөрөлтэй атлаа удаан хугацаанд импорт хийдэггүй компаниудыг импорт хийж хангамж нэмэгдүүлэхийг шаардах, шаардлагатай бол эрхийн цуцлах асуудлыг судлан шийдвэрлэх;
- Хууль, бодлогын баримт бичгийн боловсруулалтын ажлыг эрчимжүүлж, мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн санал авах, холбогдох нэгжүүд анхаарч ажиллах;
- Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцыг тодорхой мэдээллээр баталгаажуулах, ашиглалтад орох хугацаа, хийгдэж буй болон саатаж буй ажлын талаар албан бичгээр тодорхой мэдээлэл авах.
- Мөн одоогийн ажлын явцын хурдтай уялдуулан бодитой хугацааны тооцоо гаргуулах, төслийг эрчимжүүлэхэд яамны зүгээс авах шаардлагатай арга хэмжээний саналыг боловсруулах;
- Газрын тос болон ашигт малтмалын хайгуулын талбайн сонгон шалгаруулалтыг тасралтгүй зарлаж, талбай “дарж үлдэх” үзэгдэл болон давхардлын асуудалд хяналт тавьж, зохицуулалтыг сайжруулах. Албан ёсны цахим хуудсанд мэдээллийг тогтмол байршуулж, ил тод байдлыг хангах;
- Засгийн газарт хэлэлцүүлэх асуудлууд, боловсруулж буй хуулийн төслүүд болон өдөр тутмын гүйцэтгэх ажлын календарчилсан төлөвлөгөөг хугацаанд нь биелүүлж ажиллах,
- Хурлын төгсгөлд Мөн яамны газар, хэлтсийн дарга нарт хандаж үнэнтэйгээ нүүр тулж нөхцөл байдлыг бодитоор үнэлж үр дүн гаргаж ажиллаж байхыг санууллаа.


