horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

“Хариуцлагын зуд” нүүрлэсэн эмнэлгийн даргаа сольж чаддаггүй Ж.Чинбүрэнг сольё

post-img

ЭХЭМҮТ бол эх, нярайн эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй, үндэсний хэмжээний төв эмнэлэг. Мэргэжлийн байгууллага байх ёстой. Энд дээд зэргийн хүнлэг, мэргэшсэн, чадварлаг, хариуцлагатай эмч, сувилагч, асрагч ажиллах ёстой. Гэвч уг эмнэлэгт хүний санаанд багтамгүй, мэргэжлийн бус алдаа олон удаа гарч, байнга давтагдаж, Монгол Улсын эх, хүүхдийн эрүүл мэнд, амь насаар тоглож байна. Үүнийг нотлох олон баримт ил болсон тухай бид өмнө цувралаар мэдээлж байсан.

Түүнчлэн тус эмнэлгийн удирдлага Ж.Отгонбаатар болоод Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нараас алдаа гаргасан эмч, ажилтнуудад ямар хариуцлага тооцох талаар тодруулж байв. Эмнэлгийн удирдлага буюу ЭХЭМҮТ-ийн захирал Ж.Отгонбаатар бидэнд мэдээлэхдээ “Эх, хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл учруулсан асуудлыг тодруулахаар шинжилгээ хийсэн. Шинжилгээний хариу 21 хоногийн дараа гарна” хэмээн 9-р сард мэдээлж байсан ч өнөөдөр 12-р сар гарахад ямар нэгэн тайлбар, мэдэгдэл хийлгүй өдий хүрлээ.

ЭХЭМҮТ-д гарсан алдаа дутагдлын талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “Тус эмнэлэгт яамны шалгалт оруулсан. Шалгалтын дүн гарахаар мэдээлэл өгнө” гэж байсан ч тоймтой мэдээлэл өнөөдрийг хүртэл алга. 10-р сард салбарын сайдаас манай сэтгүүлч уг асуудлыг тодруулахад “Олон нярайн эгэм хугалсан нь илэрсэн” гэдгээс илүү мэдээлэл өгөөгүй билээ. Гэтэл ЭХЭМҮТ-ийн эх баригч, эмч нар оны эхний 6 сард 23 нярайн эгэм хугалж, түүнээс ч олон алдаа эндэгдэл гараад байна.

Хариуцлагын зуд нүүрлэсэн ЭХЭМҮТ-д гарсан сэтгэл эмзэглүүлэм хэргүүдэд өнөөдрийг хүртэл хэн ч хариуцлага хүлээгээгүй учраас асуудлыг бид эргэн сануулах нь зүйтэй болов уу.  

Баримт 1. Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд 39 долоо хоногтой жирэмсэн, 34 настай С гэгч эмэгтэй хүүхдээ эсэн мэнд төрүүлэх зорилготойгоор хандсан байдаг. Гэвч түүний төрөлтийг дэмжих зорилгоор савны базлалт эрчимжүүлдэг тариаг сувилагч тун хэтрүүлэн тарьжээ. Үүнээс үүдэлтэйгээр иргэн С-ийн сав задарч, 3.3 литр цус алдан, амиа алдахын ирмэгт тулсан. Эмч нар түүний савыг авч байж, амийг нь аварсан түүхтэй.

Эхийн сав задарч, дотуур их хэмжээний цус алдсанаас үүдэлтэйгээр хэвлий дэх 39 долоо хоногтой эрүүл ургийн тархинд цус харваж, тархины үхэл гэсэн оноштойгоор үхэлтэй нүүр тулан олон хоног Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлсэн ч сэргэж чадалгүйгээр хорвоог орхисон билээ.

Энэ төрөлтийг ЭХЭМҮТ-ийн Төрөх тасгийн эрхлэгч А.Гэрэлмаа удирдан явуулсан байдаг. Ажилдаа хайхрамжгүй хандаж, төрөх гэж ирсэн тулгар эмэгтэйд аюултай тариаг тун хэтрүүлэн тарьсан эмч уг хэрэгтээ огт гэмшилгүйгээр эмч нарын хурал дээр хохирогч эмэгтэйг “Бэлгийн замын өвчтэй, ялхайсан юм ирсэн” хэмээн тодорхойлж байсныг хуралд суусан ажилтнууд гэрчилсэн байдаг. Түүний энэ гүтгэлэг, хайхрамжгүй байдал нь эх, нялхсын эрүүл мэндийн төлөө насаараа зүтгэж яваа бусад эмч нарыг шооконд оруулсан. Гэвч энэ алдаанд хэн ч хариуцлага хүлээгээгүй юм.

Болсон явдлыг гэрчилж байгаа эмч нар хохирогч С-ыг эмнэлэгт элдэв өвчингүй, эрүүл саруул ирсэн гэдгийг нотолж байсан. Харин эмнэлгийн захирал Ж.Отгонбаатар “Хохирогч эмэгтэй С өөрөө ямар нэгэн гомдол гаргаагүй” хэмээн сэтгүүлчдийн амыг тагласан түүхтэй. Мэргэжлийн алдаа гаргасан эмчид хохирогч гомдол гаргаагүй гэдэг шалтгаанаар хариуцлага хүлээлгэлгүй өнгөрсөөр байвал дээрх алдаа ахин дахин давтагдаж, олон монгол эх, нярай, балчир үрс хохирсон явдал даамжрах биш гэж үү? Ахин сануулахад  А.Гэрэлмаа эмчийн гаргасан дээрх алдааг нягтлах шинжилгээ хийсэн гэж байгаа ч өнөөг хүртэл шинжилгээний хариуг ЭХЭМҮТ мэдээлээгүй байна. Тэр бүү хэл алдаа гаргасан эмчээ гадаад руу төрийн зардлаар сургалтад явуулж шагнасан байгаа юм.

Олон нийтийн болоод эмнэлгийн бусад ажилтны гайхашийг төрүүлсэн алдааныхаа төлөө гадаадаар зугаалж яваад ирсэн эмч А.Гэрэлмаа саяхнаас ажилдаа орж, эрүүл эхийн эрүүл мэндээр тоглож, эрүүл нярайн амь насаар наадаагүй мэт гоёж гангалсан хүн ЭХЭМҮТ-ийн Төрөх тасгийн эрхлэгчийн ажлыг үргэлжлүүлэн хийсээр явна. Эх, нярайн амь нас эрүүл мэндээр наадсан А.Гэрэлмаа эмчийн гаргасан алдаа үүгээр зогсоогүй нь харамсалтай.

Баримт 2.  35 настай иргэн А ихэр хүүхдээ эсэн мэнд төрүүлэхээр ЭХЭМҮТ-д хандаж, эрүүл мэндээрээ мөн тоглуулсан. А-гийн хувьд өмнө нь 2 ч хүүхэд төрүүлсэн давтан төрөгч эмэгтэй байсан бөгөөд тэрээр өнгөрөгч 9-р сард кесар хагалгаагаар ихэр хүүхдээ төрүүлжээ. Гэсэн ч кесарын дараа түүний гэдэс зовуурилж, удалгүй хавагнан хөөж эхэлсэн байдаг. Энэ оны 9-р сарын 6-нд түүнийг яаралтай хагалгаанд оруулахад нарийн, бүдүүн гэдсэнд нь идээ бээр хуримтлагдаж, хавагнан хөөгөөд, хэвлий дотроо гэдэс нь багтахаа больсон байжээ.

Түүнийг аврахын тулд Улсын нэгдүгээр төв эмнэлгээс дотрын мэс заслын эмч дуудаж, нарийн болон бүдүүн гэдсэнд нь үүссэн идээг цэвэрлэж, ариутгасан байна. Үүний дараа үрэвсэл, идээ бээрийн голомт болсон савыг нь авчээ. Хэрвээ цаг алдсан бол ЭХЭМҮТ-д хандсан иргэн А амь насаа ч алдаж мэдэх байсан юм. Уг эмэгтэй амьд үлдсэн ч савгүй болсон тул дахин хүүхэд төрүүлэх боломжоо бүрэн алдсан.

Түүнд кесар хагалгаа хийхдээ саванд нь халдвар оруулж, идээ бээр үүсэхэд хүргэсэн эмч нь дээр дурдсан ЭХЭМҮТ-ийн Төрөх тасгийн эрхлэгч А.Гэрэлмаа. Тэрээр 2 ч ээжийн эрүүл мэндийг хохироож, эсэн мэнд тээсэн хүүгийн амь насыг хохироосныхоо төлөө өнөөдрийг хүртэл ямар ч хариуцлага хүлээгээгүй, харин ч шагнуулж явна.

А.Гэрэлмаагийн гаргасан жижиг алдаа бүр ч их. 2025 оны эхний 6 сард тус эмнэлэгт төрсөн 23 нярай хүүхдийн эгэм хугарсан байдаг. Гэтэл тус эмнэлэгт өмнө нь жилд 1-2 нярайн эгэмийг төрөх явцад хугалсан гэдэг. Улсын хэмжээний онцгой үйл ажиллагаатай ЭХЭМҮТ өдгөө эх, хүүхдийн эрүүл мэндээ даатгаж болох хариуцлагатай хамт олон, чадамжтай эмнэлэг байхаа больсон юм биш биз?

Энэ эмнэлэгт улс төр гэдэг идээ бээр халдаж, захирал, даргаар зогсохгүй эмчийг хүртэл улс төрийн томилгоогоор авчирдаг болж таарав уу? Ноцтой алдаа гаргасан эмчид хүртэл салбарын сайд нь хариуцлага тооцох чадамжгүй болтлоо Монголын эрүүл мэндийн салбар доройтолд орсон уу?

Ковидын үед дөнгөж амаржсан эмэгтэйг гэрийн халаад, шаахайтай нь дүн өвлөөр өөр эмнэлэг рүү зөөснөөс үүдэж, Монгол Улсын Ерөнхий сайд огцорч байсан түүх бий. Тэгвэл эхийн эрүүл мэндээр тоглож, нярайн амийг зольсон ЭХЭМҮТ-ийн захирал, эмч, сувилагч нарыг яах ёстой вэ?

Хэрэв ЭХЭМҮТ эх, нярайд мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх чадамжаа бүрэн алдсан бол бүх ажиллагсдыг нь толгой дараалан солих шаардлагатай. Чаддаггүй нь чаддаг юмаа хийг. Ажлаас нь чөлөөлж явуулах ёстой. Чаддаг хүмүүсийг нь авчирч, ажиллуулах шаардлагатай. Тэгвэл ЭХЭМҮТ-ийг ийм болгосон эмнэлгийн даргаа сольж чаддаггүй Эрүүл мэндийн сайдаа солих хүч Ерөнхий сайдад бий болов уу гэдэг нь анхаарал татаж байна.

0/1000