МҮХАҮТ-аас зохион байгуулсан Итали-Монголын бизнес группын оролцогчид Италийн Наполи хотноо байрлах, 60 гаруй жилийн түүхтэй, дэлхийд моцарелла бяслаг болон төрөл бүрийн шинэхэн сүүн бүтээгдэхүүнээрээ өрсөлдөх чадвараараа танигдсан “Fattorie Garofalo” үйлдвэрийн тоног төхөөрөмж, технологийн шийдэл, үйлдвэрлэлийн зохион байгуулалт, чанарын хяналтын тогтолцоо зэрэг олон талын туршлагатай танилцсан нь цаашид Монголын сүүн үйлдвэрлэл, бяслагны салбарт олон улсын сайн туршлагыг нутагшуулахад чухал алхам боллоо.

Тус группын менежер Антонио Ди Нардо, удаан хугацааны уламжлал, өндөр технологийг хослуулсан тус үйлдвэр нь нийт 15 мянган одос үхэртэй өргөн цар хүрээтэй фермийн сүлжээгээрээ Итали төдийгүй Европын зах зээлд нэр хүндтэй байр суурь эзлэхээс гадна, фермээс гарсан түүхий сүүг богино хугацаанд боловсруулж, өдөр бүр шинэхэн моцарелла болон бусад сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн шууд хэрэглэгчдэд хүргэдэг нь компанийн гол онцлог гэдгийг хэллээ.



