horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хүүхдийн тэтгэмж төлсөн ч сургалтын төлбөрийг нь давхар төлөх үүрэгтэй

post-img

2022.09.22-нд шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авсан эмэгтэй дахин шүүхэд хандаж, 4 хүүхдийнхээ сургуулийн төлбөрийг нэхэмжилжээ. Гэрлэлтээ цуцлуулснаас хойш тэр 4 хүүхдийн сургалтын төлбөрт нийт 18,380,000 төгрөг төлсөн байна. Уг төлбөрийн 50 хувь болох 9,190,000 төгрөгийг хүүхдүүдийн эцгээс гаргуулах, 4 хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгохыг хүссэн байна.

Уг эмэгтэйн салсан нөхөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа “2022-2023 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг би бүгдийг нь төлсөн. Хэдэн оны сургалтын төлбөр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй. Сургалтын төлбөр бол зайлшгүй зардал биш тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бага охин Г.Ц, хүү Г.А нарыг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна…” гэжээ.

Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 21.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй. Эцэг, эх тусдаа амьдарсан ч асарч хамгаалах, тэжээн тэтгэх, анхаарал халамж тавих үүрэг хэвээр үргэлжилнэ. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан, …хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэнэ. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгодог байхад хувийн сургуульд хүүхдүүдийг суралцуулж байгаа нь эцэг, эхийн сайн дурын асуудал байх бөгөөд хувийн сургуульд сургасан төлбөрөө хариуцагчаас нэхэмжилж байгаа нь нэмэлт зардал гэж үзэх үндэслэлгүй. Иймд сургалтын төлбөр шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.” гэж дүгнэж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдүүдийн эцгээс сар бүр тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэжээ. Харин хүүхдийн сургалтын төлбөрт 9,190,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.  

Үүнийг хүүхдүүдийн эх эсэргүүцэн “Шүүх төрөөс суурь боловсролыг төлбөргүй олгодог гэх үндэслэлээр хүүхдүүдийн сургалтын төлбөрт 9,190,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй” гэж давж заалджээ.

Давж заалдах шатны шүүх уг хэргийг хянаад “Шүүх Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 4 хүүхдийн тэтгэлгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, хөгжиж төлөвшихөд нь туслах эцэг, эхийн үүргийн хүрээнд төлбөртэй сургуулийг сонгон суралцуулсанд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй. Иймд 2023-2024 оны сургалтын төлбөрийг зайлшгүй гарсан нэмэлт зардалд тооцож, уг зардлын тал хувийг хариуцагчид хариуцуулах нь Гэр бүлийн тухай хуулийн 48.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.” гэж дүгнэж, хүүхдийн сургалтын төлбөрт 9,190,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Үүнийг хүүхдүүдийн эцэг эс зөвшөөрч “Том хүү 18 насанд хүрсэн байхад тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Сургалтын төлбөрийг нэмэлт зардалд оруулан тооцсоныг зөвшөөрөхгүй” гэх үндэслэлээр УДШ-д гомдол гаргажээ.

УДШ 2925.12.04-нд уг хэргийг хэлэлцээд “Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулснаас хойш буюу 2023-2024 оны хичээлийн жилд 4 хүүхдийн сургалтын төлбөрт нийт 18,380,000 төгрөгийг төлсөн. Төлбөрийн тал хувийг хариуцагч хариуцах үүрэгтэй гэх үндэслэлээр хариуцагчаас 9,190,000 төгрөгийг шаардсан байх ба давж заалдах шатны шүүх дээрх төлбөрийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулахдаа үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. 

Хэдийгээр төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгодог боловч зохигч гэрлэлтээ цуцлуулахаас өмнө хүүхдүүд тухайн төлбөртэй сургуульд суралцаж байсан, төлбөрийг гэр бүлийн орлогоос төлж байсан тул хүүхдүүдийг төлбөртэй сургуульд сургахаар эцэг, эх нь харилцан тохиролцсон байсан гэж үзнэ. 

Хуульд зааснаар эцгээс олгож буй тэтгэлэг нь тэдний идэж, уух хоол хүнс, өмсөх хувцас, хичээлийн хэрэглэл зэрэг өдөр тутмын хэрэгцээнд зарцуулагдана. Тэтгэлэг төлж байгаа нь нэмэлт зардал болох сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй. 

Харин Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хүүхдэд олгох тэтгэлгийн хэмжээг түүний насны байдлыг харгалзан тогтоохоор заасан. 40.1.2-т насны дээд хязгаарыг “Суралцаж байгаа бол 18 настай” гэж, харин насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг тогтоохоор зохицуулсан. Нэхэмжлэгчийн том хүү Г.А 2006.08.19-ний өдөр төрсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр гарах 2024.12.25-ны өдөр 18 насанд хүрсэн байгааг шүүх анхаараагүй. Түүнийг хөдөлмөрийн чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй байхад түүнд тэтгэлэг тогтоосон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй…” гэж дүгнэв. Ингээд 18 нас хүрсэн том хүүд тэтгэмж олгохгүй болгож, бусад хүүхдэдээ тэтгэмж өгөх, сургалтын төлбөр төлөх үүрэг оноолоо.

0/1000