Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дуусаж, улсын комисс хүлээн авсан байна. Тодруулбал,
Эмнэлгийн байгууллагын эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хоёр болон гуравдугаар давхрын өрөө тасалгаануудад иж бүрэн засвар шинэчлэлтийн ажлуудыг хийжээ.
Тус засвар, шинэчлэлтийн ажилд хуучирсан болон эвдрэлд орсон хэсгүүдийг буулгаж, шал, ханa, таазыг шинэчилсэн бөгөөд лифт, цонх, хаалгыг шинээр суурилууллаа. Мөн агааржуулалтын систем, дотор халаалт, цэвэр ба бохир усны шугам, дотор холбоо, цахилгаан, гэрэлтүүлгийн иж бүрэн шинэчлэлтийг хийж, тасгуудын өрөөнд хүчилтөрөгчийн шугам угсралт болон эмч, сувилагчийн дуудлагын системийг суурилуулсан бөгөөд дотоод заслын ажлыг бүрэн хийсэн аж.

