Иргэн Х.Хандаа шүүхэд хандаж гадаа цас орж халтиргаа гулгаа үүссэн байхад орчны талбайн цас, мөсөө цэвэрлээгүйн улмаас хотхоны манаачийн байрны хажууд унаж, яс нь хугарч, гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн, босож чадахгүй хэвтэрт орсон. Гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж, хагалгааны зардал гарсан, миний охин намайг асарч эм тариа авч байсан тул эм тарианы мөнгө, асарч сувилсан зардал нийт 3,185,909.00 төгрөгийг Сууц өмчлөгчдийн холбооноос гаргуулна гэж нэхэмжлэл гаргажээ.
Сууц өмчлөгчдийн холбоо нь иргэн Х.Хандаа нь хотхоны орох гарах гарцаас гарч, явган хүний замын боржур дээр халтирч унасан, Сууц өмчлөгчдийн холбоо нь орчны газрын цасыг цэвэрлэсэн байсан, цаг уурын нөхцөл байдлын хувьд цас тасралтгүй орж газар мөстөх боломжгүй байсан учир хохирлыг хариуцахгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Шүүхээс Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “орчны газар” гэж тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг хэлнэ гэж заасан байх тул нэхэмжлэгчийн унасан гэх газар нь Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн нутаг дэвсгэр буюу орчны газарт хамаарахаар байна гэж үзсэн.
Сууц өмчлөгчдийн холбоо нь орчны газрын болон 50 метр хүртэлх газрын цас, мөсийг цэвэрлэх үүрэгтэй гэж хуульд заасан байхад орчны газрын цас мөсийг цэвэрлээгүйгээс нэхэмжлэгч нь унаж бэртсэн байх тул хариуцагч буюу Сууц өмчлөгчдийн холбоо нь хохирлыг хариуцах үүрэгтэй болно.
Харин Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. Хуульд заасан зайлшгүй зардалд нэхэмжлэгчийн өдөр тутмын хоол хүнс болон ахуйн хэрэглээндээ худалдаж авсан хүнсний болон ахуйн барааны зүйлүүд хамаарахгүй. Мөн өөрийн хэрэгцээнд буюу бусад эмчилгээнд авсан баримтууд нь нэхэмжлэгч Х.Хандаагийн халтирч унаж гэмтсэнтэй холбогдон гарсан эмчилгээний зайлшгүй зардалд хамааралтай гэдэг нь баримтаар нотлогдоогүй тул шүүх нэхэмжлэлээс үлдэх 1,514,909.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/133295?daterange=2024-02-29%20-%202024-03-01&id=1&court_cat=1&bb=1
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх

