Монголчууд бидний сэтгэлд “Ажаа” хэмээх нэрээрээ хүндлэгдэн хайрлагддаг Гавьяат жүжигчин А.Цэгмэдийг энэ удаагийн ярилцлагын зочноороо урьж ярилцлаа. Тэр бол Монголын урлагийн салбарт 57 жил тасралтгүй зүтгэсэн чадварлаг уран бүтээлчдийн нэг билээ.
-Ярилцлагын маань урилгыг хүлээн авсанд баярлалаа. Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаар ярилцлагаа эхэлье?
-Залуу уран бүтээлчдийнхээ тавьсан киноны саналуудыг татгалзалгүй хүлээн авч ажиллаж байна. Энэ жилийн тухайд гэвэл 5-7 уран бүтээлд оролцсон байна. Харин хамгийн сүүлд гэвэл, “Пагмадулам” киноны Нацагдоржийн дүрийг бүтээсэн жүжигчин О.Мөнгөн-Очирын ахалж буй “Дурсамж сургууль” гэх кинонд дүр бүтээж байгаа. Түүний өмнө найруулагч Дүүрэнжаргалын “Үл үзэгдэгч хүмүүс”, “Ганц бие аавууд” зэрэг кинонд ажиллалаа. Энэ мэтчилэн залуу уран бүтээлчид маань Монголын кино урлагт өөрсдийн өнгө төрхөө шигтгэн, олон сайхан уран бүтээл хийж байна. Тэр болгоныг нь өөрийн чадах хэрээр дэмжиж ажиллахыг эрмэлздэг дээ.
-Та цахим хуудсаараа дамжуулан, “Залуу уран бүтээлчдийн урмыг нь битгий хугалаарай, харин дэмжиж туслаарай” гэж бичсэн байсан. Үнэхээр л залуучуудын талд бат зогсдог хүн юм.
-Бидний шүтэн биширдэг Алтан үеийнхэн ч гэсэн өнөөдрийн залуучууд шиг мэдэхгүй зүйлээ мэдэх гээд, чадахгүй зүйлээ сурах гээд л эрмэлзэж байсан. Тэд маань уйгагүй хөдөлмөрлөсөөр байгаад л алдрын оргилд хүрсэн байдаг шүү дээ. Биднийг урлагийн сургуульд сурч байхад багш нар маань “Та нар 10 хувийн авьяастай байж болно. Үлдсэн 90 хувь нь хичээл зүтгэл байдаг юм шүү” гэж захидаг байсан. Яг л энэ жишгээр өнөөдрийн залуус маань зүтгэж байгаа гэж бодож хайрлаж, хүндэлдэг.
Бас залуучуудтай их ойр байхыг хүсдэг юм. Яагаад вэ гэхээр би өөрөө төгс хүн биш шүү дээ. Өөрийгөө их л голж амьдардаг. Хэдий амьдралдаа сэтгэл хангалуун ч гэсэн мэдэхгүй, чадахгүй зүйл их. Гэтэл өнөөгийн залуусаас сурах зүйл олон бий. Тэдний чаддаг зүйлийг би чадахгүй байх ч жишээтэй. Тийм болоод ч тэр үү залуучуудтай ажиллах, ойр байх их дуртай.

-Та яагаад өөрийгөө голоод байдаг юм бэ. Монгол кинонд дуртай, хайртай үзэгчид тэр ч бүү хэл Монголчууд бүгдээрээ таныг Гавьяат жүжигчин цол авах ёстой хүн хэмээн дэмжиж байсан шүү дээ?
-Монголчуудаараа шаардуулж байгаад Гавьяат жүжигчин цол хүртсэн маань сэтгэлд сайхан байсан боловч эргээд маш том хариуцлага хүлээж байна гэж бодож байсан. Тэр том хариуцлагыг үүрэх ёстой учраас уран бүтээл хийх гээд хичээж байгаа, зорьж байгаа залуучуудаа тусалж дэмжихийг хүсдэг юм. Мөн дээр нь ард түмнийхээ их хайрыг дааж явах юм сан гэж боддог доо.
-Тийм болоод ч тэр үү залуу уран бүтээлчид таныг их хайрлаж, хүндэлдэг байх?
-Миний 47 жил найзалж, нөхөрлөсөн Б.Ганхүү найз минь саяхан тэнгэрт дэвшсэн. Бид хоёрыг хүмүүс их адилхан гэдэг юм. Найз маань ч мөн надтай адил залуучуудаа их хайрлаж, хүндэлдэг байлаа. Тийм болоод ч тэр үү бид хоёрт киноны санал их ирдэг байсан. Заримдаа кино зураг авалттай үетэй давхцаад өөр киноны санал ороод ирвэл бие биеийнхээ оронд нөхөөд тоглочихдог байлаа.
Мэдээж кино уран бүтээл гэдэг бол уран бүтээлчид бидний ажил. Залуучууд маань дүрийн санал тавихдаа хэдэн төгрөгөөр цалинжих вэ гэж асуудаг юм. Ялангуяа Гавьяат жүжигчин цол хүртсэнээс хойш их л өндөр цалингаар ажилладаг гэж боддог болсон юм билээ. Тэгээд л залуучуудтайгаа ярилцахаар их хөөрхөн тайлбар хэлнэ ээ. “Анх удаа кино хийж байна”, “Өөрсдийнхөө боломжоор л ажиллах гэж байна”, “Ивээн тэтгэгч хайж байна” гээд л чухам үнэнээ хэлдэг юм. Тэгэхээр нь “Хүүхдүүд минь өөрсдөө мэд ээ. Эгч нь оролцъё оо” гээд л дэмждэг.
Тийм болоод ч тэр үү Б.Ганхүү бид хоёр залуучуудыг их дэмждэг байсан нь тэднийхээ санхүүгийн боломжийг, бас бусад асуудлыг нь ч гэсэн харгалзаж үздэг байсантай холбоотой байх. Яах вэ зах зээлийн нийгэмд том том алдар цолтой жүжигчдийн авч байгаа, тэдний санал болгож байгаа ханшийг унагааж байж магадгүй л дээ. Гэхдээ амьдрал дээр хүн бүхэн л өөрийнхөөрөө шүү дээ. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг шиг л.

-Соёлын тэргүүний ажилтан Б.Ганхүү агсныг тэнгэрт дэвших үед та их шаналж, цахим хуудсан дээрээ эмгэнэл илэрхийлсэн байж билээ. 47 жилийн нөхөрлөл гэхээр чамгүй урт хугацаа шүү дээ?
-Дэндүү харамсмаар. Бид хоёрын дурсамж маш их. Хамт авахуулсан бүх зургаараа бүхэл бүтэн зургийн цомог хийж ч болохоор, тийм их нандин мөчийг хамтдаа туулсан. Өвчин гэдэг үнэхээр аймшигтай юм билээ.
Найз маань СУИС-д 30 гаруй жил ажиллаж, зургаан анги төгсгөсөн. Миний найзын шавь нар бүгдээрээ Монголын урлагийн салбарыг өнгөлж яваа гэж хэлэхэд буруудахгүй байх.
-Ярилцлагынхаа сэдвийг сошиал орчин руу чиглүүлье. Та сошиалд их идэвхтэй шүү дээ. Гэвч манай сошиал орчин хар масс ихтэйн дээр, сөрөг сэтгэгдлүүдийг ч хайр найргүй бичдэг. Үүнд эмзэглэдэг үү?
-Сөрөг сэтгэгдлүүдийг хараад, инээд хүрээд байдаг юм. “Намайг сайн танихгүй байж яаж байгаа юм бол доо” гэж бодогддог. Тийм болохоор зарим сэтгэгдэлд хариу биччихдэг юм. Өмнө нь би хүмүүсийн фэйсбүүкийг блоклож мэддэггүй байсан юм. Сүүлийн үед л блоклож сурсан. Дахиж тэр хүнтэй харилцахгүй, тэр хүний доромжлолыг сонсохгүй, тун амар.
Гэхдээ сошиал орчноос сурах зүйл их бий. Авах зүйл ч их бий. Эрүүл мэндийн мэдээ мэдээлэл, цаг үеийн мэдээлэл гээд хэрэгтэй мэдээллээ авчихна. Бас өөрийн хэрэгцээт зүйлсээ гэртээ хүргүүлээд ч авчхаж байна. Тэгэхээр сошиал орчин хэрэгтэй юү гэвэл тийм. Бүр урлаг, спортын амжилт гаргасан бүхий л үйл явдлын мэдээллийг сошиалаас авч байна шүү дээ. Биднийг залуу байхад урлагийн төдийгүй спортын амжилт гаргасан ч олон нийт төдийлөн мэддэггүй байсан.
-Та спортын гимнастикаар хичээллэж байсан гэдэг. Одоо ч цахим хуудсаараа дамжуулаад, дасгал хийж буй зураг, бичлэгээ чөлөөтэй нийтэлдэг.
-Миний хувьд спортоор төдийлөн сайн амжилт гаргаагүй. Бас жүжигчний мэргэжлийнхээ оргилд ч хүрээгүй, мацсаар л яваа нэгэн шүү дээ. Би бол байдаг л нэгэн жүжигчин, байдаг л нэгэн тамирчин.

-Спортын гимнастикаар хэчнээн жил хичээллэсэн юм бэ?
-Зургаадугаар ангид байхдаа анх хичээллэж эхлээд 29 насандаа спортын мастер цол хүртэж байлаа. Эргээд 10, 10 жилээр өөрийнхөө амьдралыг эргэцүүлээд харахад их сайхан үе олон байжээ. Шинэ жилийн баярыг л гэхэд нэгдүгээр ангид байхдаа буюу 1955 онд анх мэдэж байсан юм. Тухайн үед гарч байсан дууг миний үеийнхэн л мэдэх байх, одоогийн залуучууд сайн мэдэхгүй байх.
Тэр үед маш олон шинэ жилийн дуу гарч, хүмүүсийг дуу хөгжмөөр уриалан дуудаж, давлагаалж байсан юм. Яг л одоо сошиалаар давлагаалдаг шиг л гэсэн үг.
-Тун удахгүй шинэ жил болох гэж байна шүү дээ. Таны хамгийн сайхан шинэ жилийн дурсамж хэзээ байв?
-Шинэ жилийн бүх дурсамж хамгийн гоё. Хүүхэд байхад, оюутан байхад, Хүүхэд, залуучуудын театрт ажиллаж байхад гээд бүхий л шинэ жил хамгийн сайхан байсан.
-Таныг өвлийн өвгөний хувцас өмсөөд ээжтэйгээ бас ачтайгаа хамт даруулсан зургийг харсан юм. Их дурсамжтай үе байх?
-Тийм шүү. Эргээд бодоход тэр мөч хамгийн сайхан байсан юм байна. Яагаад вэ гэхээр ээж, ач хоёрыгоо баярлуулах гээд өвлийн өвгөний хувцас өмсөөд гэртээ орж билээ. Тэгээд бэлгээ өгөх гээд “Өвлийн өвгөн ааваасаа бэлгээ аваарай” гээд ээжийгээ үнсэх гэтэл ээж нэг их том харснаа намайг таньчихаж билээ. Их хөгжилтэй, их дурсамжтай хамгийн нандин үе байж.

-Ингэхэд та яагаад жүжигчин болсон юм бэ. Спортын гимнастикчаараа ч ажиллах боломжтой байсан юм байна шүү дээ?
-Хүүхэд байхдаа сургуулийнхаа урлагийн үзлэгт орчихдог, дуу дуулчихдаг, шүлэг уншчихдаг байлаа. Гэхдээ бидний үед дуу дуулж, шүлэг уншдаг гээд л жүжигчин болчихно, урлагийн хүн болно гэдэг ойлголт байгаагүй. Бүр огт байгаагүй.
Харин 10 жилээ төгсөн төгстөлөө “Эмч болно” л гэж боддог байсан. Гэтэл энэ мөрөөдөл маань биелээгүй. Яагаад гэвэл сургууль төгсөхөд эмчийн хуваарь ганцхан ирсэн. Манай ангийн онц сурлагатан тэр хуваарийг авсан. Миний сурлагын хэмжээ хүрээгүй.
Яах вэ, анагаахын их сургуульд шалгалт өгсөн боловч надад техникумын хуваарь ирсэн. Монголын спортын гимнастикийн шигшээгээс Биеийн тамирын дээд сургууль санал болгосон. Ингэхээр надад Биеийн тамирын дээдэд орох боломж байсан гэсэн үг биз. Гэтэл би эмч болмоор байсан. Яагаад гэхээр, хүүхэд л юм хойно би эмч болчихвол хөгшин ээж болон өөрийнхөө ээж хоёрыг урт наслуулаад, мөнх амьдруулчих юм шиг бодогддог байсан юм.
Гэхдээ өнөөдөр хувь заяа өөрөө шийдээд жүжигчин болчихсон явж байна.
-Ээж болон хөгшин ээжийнхээ ачийг л хариулах чин хүсэлтэй байжээ. Сайхан ээж нараа эргээд дурсвал?
-Миний ээж тэшүүр, цанаар гулгадаг тамирчин хүн байсан. Түүгээр ч барахгүй Завхан аймгийн Соёлын ордонд “Учиртай гурван толгой”-н найрал дуунд оролцдог байсан. Их л авьяастай хүн байж билээ.
Харин хөгшин ээж маань уртын дуу их сайхан дуулдаг хүн байлаа. “Нийслэл хүүхэн” киноны “Ажаа”-гийн дүрийг би хөгшин ээжийгээ бодож, бүтээсэн. Миний хөгшин ээж тийм л хүн байсан. Манай хөгшин ээжийг Анжгу гэдэг байсан. Нэр нь ч бас их адилхан байгаа биз.
-Ингэхэд таны бүтээсэн дүрүүдээс сэтгэлд тань хүрээгүй дүр байдаг уу?
-Мэдээж жүжигчин хүн бүр бүтээл бүхнийхээ араас алдаагаа олж хардаг. Тэр сцень дээр арай өөрөөр жүжиглэхгүй яав даа гэсэн харамсал заавал гарч ирдэг.
“Этик” продакшны “Хэлгүй жим” киноны хоёрдугаар анги “Хэлгүй жим 2-Дада” уран сайхны киноны төгсгөл хэсэг дээр 20 гаруй буриадыг буудаад, цусан далай болгодог. Тэр кинонд би хэлгүй эмгэний дүрд ажилласан юм. Гэтэл тэр сцень дээр найруулагч маань намайг зүгээр нулимс гаргаарай гэсэн боловч энэ миний хувьд тэр дундаа жүжигчин хүнийхээ хувьд нэг л дутуу санагдаад байсан юм. Тэгээд би бодож бодож байгаад яг зураг авалтын үеэр тэр олон үхсэн хүмүүсийг хараад хойшоогоо ухаан алдах гээд жүжиглэж байтал найруулагч “Зогс. А.Цэгмэд эгч татчихлаа” гээд л орилсон. Гэтэл тэр үед миний жүжиглэлт тас зогсоод “Яаж байгаа юм бэ. Би жүжиглэж байна шүү дээ” гээд найруулагчдаа хэлтэл “Та надтай эхлээд тохирохгүй яасан юм бэ” гэдэг юм байна.
Би тэр үед яагаад өөрөө дур мэдээд тийм жүжиглэлт гаргая гэж бодсон бэ гэхээр, Монголын ард түмэнд би байдаг л нэг нулимсаа харуулаад, үзэгчдийгээ хуурмааргүй санагдсан юм. Тэгээд тэр кинон дээрээс миний зүүдлэн барин жүжиглэсэн тэр хэсгийг хассан гэдгийг сонсоод нээлт дээрээ очоогүй. Сүүлд найруулагч Даваазултайгаа уулзсан чинь “Та киногоо үзсэн үү. Би хасаагүй шүү дээ” гэсэн ч би итгээгүй ээ.
Ер нь би жүжигчнийхээ хувьд их ааш муутай. Одоо хүртэл тэр киногоо үзээгүй л явна.
-Үзэгчид бас төгсгөл хэсэг дээр их гайхаж байсан санагдаж байна?
-Тэр олон хүний шарилыг нэг дор харсан хүн зүгээр ч нэг уйлаад өнгөрөхгүй байх. Гэхдээ би сүүлд нь найруулагчийгаа зөвтгөж бодсон. Кино маань тэгээд л дусчихдаггүй шүү дээ. Цааш үргэлжилдэг. Магадгүй сүүлийн сцениүдээ авах ёстой учраас энэ сценийг хасъя гэж бодсон байх. Тэнэгийн ухаарах нь сүүлд гэдэг шиг тайвширсныхаа дараа л ойлгож байгаа юм.

-Ер нь их уужуу хүн юм?
-Би чинь бас ааш муутай. Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн. Бас би энэ яваа насандаа нэг их улстөржчихгүй, бусдыг гомдоогоод, бусдад гомдоод байхгүй шиг амьдрахыг хүсдэг юм.
-Энэ хүрээд ярилцлага маань өндөрлөж байна. Танд залуучууддаа захиж хэлэх зүйл бий юү?
-А.Цэгмэд гэдэг хүн 57 жил урлагийн тогоонд буцалж байна. Тиймдээ ч олон сайхан залуустайгаа хамт энэ салбарынхаа давс, хужрыг нь тааруулаад явж байгаа гэдэг нь маш гайхамшигтай. Яг л жил бүр болдог шинэ жил шиг. Тийм л сайхан. Бас дээр нь би залуучууд хаана байна тэнд л байхыг хүсдэг. Олон жил багшлаагүй ч гэсэн надаас үг сонссон шавь нар маань буруу явдаггүй гэж боддог юм.
Тийм ч учраас залуучууддаа ЗӨВ БАЙ л гэж хэлмээр байна. Юм бүхэн дээр л зөв байгаарай. Тэгж чадвал хүссэн бүхэндээ хүрнэ дээ. Яах вэ, залуучуудын бага сага алдаа дутагдал миний нүдэнд харагддаг ч гэсэн би аль болох анзаарахгүй байхыг хичээдэг. Үнэхээр болохгүй бол өөрийг нь дуудаж байгаад л хэлчихдэг юм. Заавал түүнийг нь олны өмнө хэлээд, айлгаж, ичээх хэрэггүй шүү дээ.
Залуу нас гэдэг чинь их эмзэг. Эргээд бодоход алдаа нь хүртэл гоё. Нэг, хоёр алдаад гурав дахь дээрээ ухаарна шүү дээ. Харин гурваас илүү битгий алдаарай гэж л захья.
-Ярилцсанд баярлалаа.

