ШУТИС-ийн Олон улсын хурлын танхимд “Авто зам-2025” эрдэм шинжилгээний хурал 12 дугаар сарын 6-нд боллоо. Авто замын салбарын инженерүүд, гадаад дотоодын эрдэмтэн судлаачид, авто замын чиглэлээр суралцагч оюутан залуус оролцсон энэ хурлаар “Авто зам, замын байгууламжийн чанарын хяналт” сэдвийг онцлон хэлэлцэв.
Авто замын салбарт шинэ технологи нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих, хөгжүүлэх, туршлага солилцох зорилго бүхий эрдэм шинжилгээний хурлыг 1992 оноос зохион байгуулж эхэлжээ. 2022 оноос жил бүрийн 12 дугаар сард зохион байгуулдаг уламжлалтай болсон юм.
Энэ жилийн хурлын ерөнхий зохион байгуулагчаар Зам тээврийн яам, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургууль, Инженерийн байгууламжийн тэнхим ажиллаж, Нийслэлийн замын хөгжлийн газар, Монголын авто замчдын холбоо, Монголын авто замчин залуучуудын холбоо хамтран зохион байгуулж, “Танил санаа” ХХК, “Туулын гүүр” ХХК дэмжин ажиллалаа. Жил ирэх тусам цар хүрээ, ач холбогдлын хувьд өргөжин тэлж буй эрдэм шинжилгээний хуралд энэ жил Франц, БНСУ, Япон улсын судлаач, мэргэжилтнүүд оролцож илтгэл тавьсан юм.
Зам тээврийн яамны Авто замын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа “Энэ хуралд тавьж байгаа илтгэлүүд салбарын бодлогыг тодорхойлоход нөлөөлөхүйц эх сурвалж болно гэдэгт итгэж байна” гэв.
Энэхүү хуралд ШУТИС-ийн Барилга архитектурын Инженерийн байгууламжийн тэнхимийн дэд профессор
М.Цас-Оргилмаа, “Буман од пикет” ХХК-ийн захирал Б.Батцэцэг, Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийн дэд менежер Брой Сессил, БНСУ-ын Барилга, байгууламжийн технологийн судалгааны хүрээлэнгийн судлаач Жон Сон Ил нар зочин илтгэгчээр оролцлоо.
Түүнчлэн “Япон технологийн цасны хаалт суурилуулах “Монгол-Эко кконстракшн” төслийн явц, цаашдын зорилт, “Хангайн нурууны цэвдэгт бүс нутагт баригдсан авто замын өнөөгийн төлөв байдал” зэрэг 13 итгэл тавив.

ТУСГАЙ БАЙР: “АЗХЭШС” ХХК-ийн захирал Д.Мөнхтүвшин “Асфальт холбогчийн үзүүлэлтээр хольцын шинж чанарыг үнэлэх шууд бус судалгааны арга”
Зам тээврийн яамны Салбарын хяналтын газрын ахлах шинжээч Ш. Гэрэлт-Од “Ган төмрийн цаг агаарт тэсвэрлэх чадварын судалгаа”
3-Р БАЙР: ШУТИС-ийн Барилга Архитектурын сургууль, Хот байгуулалтын тэнхимийн магистр М.Ичинхорлоо “Улаанбаатар хотын гол гудамж замын сүлжээнд дүн шинжилгээ хийх нь”
2-Р БАЙР: ШУТИС-ийн Барилга Архитектурын сургууль, Инженерийн байгууламжийн тэнхимийн оюутан Т.Гүндэгмаа “Явган хүний замын төлөвлөлт зорчигчийн сэтгэлзүйд нөлөөлөх байдлын судалгаа”
ТЭРГҮҮН БАЙР: ШУТИС-ийн Барилга Архитектурын сургууль, Инженерийн байгууламжийн тэнхимийн оюутан Б.Бадамханд “Сансрын тойрог уулзвар дээрх явган хүний гүүрэн гарцын төлөвлөлт” илтгэл эзэллээ.
Шүүгчид Эрдэм шинжилгээний хурлын төгсгөлд “Зөвлөмж” гаргаж танилцуулсан юм.

