Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Төрийн албаны халамжуудыг нэртэйгээр нь үе залгамжлан өвлүүлчихээч!
- 2025/12/09

- 28 цаг 45 минутын өмнө

- 4 мин уншина

Г.Занданшатарыг арай ч ингэж зангараггүй загнана гэж санасангүй. Төрийн албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарч буй хүнд 36 сарын цалинтай нь дүйцэх тэтгэмж 1 удаа олгох Засгийн газрын журам 2015.01.01-нээс хэрэгжиж байна. Түүнээс хойш 10 жилийн хугацаанд хэчнээн хүнд уг тэтгэмжийг олгосон тухай тоо баримт хаана ч алга. Авсан хүний тоо байхгүй болохоор өгсөн мөнгөний тоо бас байхгүй.

Иргэдээ төрд, хувьд ажилладгаар нь алагчилсан энэ журмыг цуцлахын оронд Г.Занданшатарын Засгийн газар ар гэрт нь өвлүүлдэг болголоо. Тэр Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлтгэж, төрийн албан хаагчдаа ар гэрийнхэнтэй нь өөртөө татахын тулд татвар төлөгчдийн мөнгөөр дам авлига өгч байгаа нь энэ. Үүгээрээ тэр төрийн албан хаагчдын саналыг, ар гэрийнхнийх нь саналыг авч болох ч хувийн хэвшлийнхний саналыг алдаж буйгаа тооцсон л байлгүй.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны эхний сард манай улсад 1.4 сая ажиллах хүч байв. Төрийн албаны мэдээлэл, тайлангийн порталаас үзвэл 2024 онд төрийн 4276 байгууллагад 226.895 албан хаагч ажиллаж байна. Ингээд үзвэл хувийн компани, байгууллагад 1 сая 173 мянган хүн ажиллаж байна. Үүний 173 мянга нь төрд ажилладаг эцэг, эхийнхээ тэтгэмжийг авна гэж тооцвол цаана нь 1 сая хүн үлдэнэ. Тэднийг Г.Занданшатар алагчилж, дургүйг нь хүргэв.

Г.Занданшатарыг арай ч ингэж зангараггүй загнана гэж санасангүй

2026 онд төрийн 7000 албан хаагч тэтгэвэрт гарна. Тэдэнд нэг удаа тэтгэмж олгоход, 326 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнийг өнөө жилийнхтэй харьцуулахад 111 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Төрийн албан хаагчийн тоо, цалин нэмэгдэхийн хэрээр тэтгэвэрт гарагсдад өгөх буцалтгүй тусламжийн мөнгө нэмэгдсэн нь үүнээс тодорхой байна. 326 тэрбумыг 7000 хүнд хувааж өгнө гэхээр 1 хүнд 47 сая төгрөг оногдож байна. Гэтэл тэтгэвэрт гарч буй албан хаагчдадаа өгөх мөнгө манай төрд алга. Гэсэн ч Ерөнхий сайд тэдэнд тал алдахгүйн тулд яаж ийгээд өгөхөөр амлав. Хэлсэндээ хүрч, хэвтсэндээ хоноход түүнд яггүй л байна байх. Хэн ч түүнийг ингэ гэж албадаагүй ч Ерөнхийлөгчийн сонгуулиа бодоод, албадлагагүйгээр амлалт өглөө.

Энэ мэт шаардлагагүй, албагүй амлалтууд халамжийг хавтгайруулж, Монголыг модоо барихад хүргэн, амаа ангайсан тэжээврүүдийг олшруулдаг. Үүнийг Г.Занданшатар мэдэж байгаа гэж бодож, ард түмэнд загас өгөхийг урьтал болголгүй, загас барих арга зааж өгөхийг чухалчлах болов уу гэж найдсан ч талаар боллоо. Түүнийг мэргэжлийн эдийн засагч мөн эсэхэд эргэлзэхэд хүрч байна. Зах зээлийн онолыг монголчуудад ойлгуулахаар чармайж байсан Г.Занданшатар биш болжээ. Банкны салбарт ажиллаж үзсэн, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, Гадаад харилцааны сайд, ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын дарга, ЕТГ-ын даргын албан тушаал хашиж, УИХ-д 4 удаа сонгогдохдоо төрийн нэрээр түмнийг тархидан, өөрөө хэрхэн өндөр сэнтийд удах аргыг л олж харсан өөдгүй хүмүүсийн нэг болжээ. Энэ их туршлага нь өнөөдөр түүнд Монголыг өөд татахад нь хэрэг болох учиртай ч тэр өмнөх дарга нарын өөдгүй явдлыг үргэлжлүүлж, ард түмнийг амаа ангайж суугаад, дохиогоор хөдөлдөг дуулгавартай сонгогч байлгахыг хүсжээ.

Үүнийг нь Үндсэн хуулийн цэц хүртэл өөгшүүлж байх юм. Нэгэн иргэн Төрийн албаны тухай хуулийн 60.1 дэх хэсэгт “Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож, нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно” гэж заасан нь Үндсэн хуулийн 14.1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэснийг зөрчсөн хэмээн ҮХЦ-д ханджээ. Үүнийг ҮХЦ 2025.12.03-нд дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд, “Үндсэн хууль зөрчөөгүй” гэж дүгнэлээ.

Ард иргэдийг төр, хувьд ажилладгаар нь Засгийн газар ялгаварлан гадуурхаж байхад ҮХЦ “Ялгаварлан гадуурхаагүй” гээд сууж байх ч гэж

Арай ч дээ. Монгол Улсын ард иргэдийг төр, хувьд ажилладгаар нь Засгийн газар ялгаварлан гадуурхаж байхад ҮХЦ “Ялгаварлан гадуурхаагүй” гээд сууж байх ч гэж. Төрийн албан хаагчдад төрөөс олгох нэмэгдэл хэтэрсэн болохоос багадаагүй. Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсийг нь бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлдэг.

Төрийн албан хаагч 6 сар төрийн зардлаар дахин сурч, мэргэшиж болдог. Сургуульд сурангаа эрхэлж байсан албан тушаалынхаа цалинг авдаг. 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллага нь олгодог. Үүнийгээ бүр Төрийн албаны тухай хуулиар баталгаажуулчихсан байдаг гээч.

Хувийн хэвшилд ажиллагсад амралтын мөнгөө аваад л түүгээрээ амралтаа зохицуулдаг бол төрийнхөн ээлжийн амралтаараа нутаг явахдаа 2 талын замын зардлаа төрөөр даалгадаг. Хоёулаа төрд ажилладаг бол бүүр ч башийна. Өнөө жил өөрийнхөө, дараа жил ханийнхаа ажлын газраас замын зардлаа авчихна. Сувилалд сувилуулахдаа ч ирэх, очих замын зардлаа төрөөс гаргуулдаг.

Хувийнхан одоо гадаадад эмчлүүлэх гээд байр, машинаа зарж, орон оронгүй, унах унаагүй болж байна. Тэгээд ч мөнгө хүрэхгүй бол улаан нүүрээ улалзуулан, сошиалаар хандив тусламж гуйж байна. Тэгэхэд төрийнхөн ЭМДС-гаас хариуцах эмчилгээний төлбөр хэтэрвэл зөрүүг нь төрөөс авдаг. Гадаад улсад эмчлүүлэх бол зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцдаг. Төрд ажиллахад энэ мэт түмэн давуу тал бий.

Ийм их хангамжтай төрийнхөнд тэр нь багадаад ар гэрийнхэнд нь 3 жилийнх нь цалинг олгох юм гэнэ. Арай дэндүү юм аа. Нэртэйгээр нь үе залгамжлан өвлүүлчихээч!

- Шинэ
- Хандалттай