Азийн элсний спортын VI наадам БНХАУ-ын Санья хотод 2026.04.22-30-нд болно. 10 жил тасраад, дахин болж буй энэ наадам 8 хоног үргэлжилж, спортын 14 төрөлд шилдгүүдээ тодруулна. Энэ удаагийн наадамд Азийн 45 улсын 3700 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Манай улсаас спортын жюү жицү, кураш, сагсан бөмбөгийн 3х3, элсний бөх зэрэг спортын 9 төрөлд 100 гаруй тамирчин оролцохоор бэлтгэж байна.
Энэ наадам 2020 онд болох байсан ч ковидоос үүдэлтэй цар тахлаас болоод хэд хэдэн удаа хойшилсон юм. Азийн элсний спортын V наадам 10 жилийн өмнө Вьетнам улсын Дананг хотод болж, манай улс спортын 8 төрөлд 39 тамирчнаа оролцуулж, 7 алт, 4 мөнгө, 8 хүрэл медаль хүртэн, багаараа 5-р байр эзэлсэн ажээ.
Азийн олимпын зөвлөл далайн эргийн, элсний спортын төрлүүдийг хөгжүүлэх зорилгоор 2008 онд Индонез улсын Бали аралд анх Азийн элсний наадам зохион байгуулжээ. Анхны наадамд манай улс спортын 3 төрөлд 15 тамирчнаа илгээсэн байна. Элсний бөх барилдаанд Т.Энх-Амгалан түрүүлснээр манайхан ганцхан боловч алтан медалтай иржээ.

