Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэнд К1 болон А3 ангиллын 10 хоногийн визийг уригчгүйгээр цахимаар олгох боломжийг Гадаадын иргэн, харьяатын газар бүрдүүллээ. Өмнө нь ажил хэрэг, бизнесийн зорилгоор зорчих, олон улсын болон ажил хэргийн хурал, уулзалт, айлчлалд оролцох гадаадын иргэн заавал уригчтайгаар виз мэдүүлэх шаардлагатай байв. Бизнесийн хамтрагчгүй, уригчгүй бол ийм виз мэдүүлэх боломжгүй байсан юм. Үүнээс шалтгаалан зорилгодоо нийцээгүй, аяллын цахим виз мэдүүлж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зөрчилд тооцогдох эрсдэл үүсдэг байжээ.
Тэгвэл ажил хэргийн шугамаар 10 хоногийн хугацаатай түр ирэх гадаадын иргэн тус визийн хүсэлтийг уригчгүйгээр, өөрөө бие даан цахим үйлчилгээний нэгдсэн систем (isf.mn)-ээр дамжуулан мэдүүлэх боломжтой боллоо. Визийн хүсэлтийг аяллын цахим визийн адил 48 цагийн дотор шуурхай шийдвэрлэнэ.

