Хүүхэд насны шинэ жилийн дурсамжаас хамгийн гоё нь сургуулийнх. Шинэ жил болохын урд орой хэт догдолсноосоо болоод шөнөдөө нойр хулжин хонодогсон. Маргаашийн өмсөх хувцаснаас илүүтэй өвлийн өвгөний бэлэг дотор гижигдэж, юу өгөх бол гэдэг догдололд хөтлөгддөг байснаас тэр л дээ. Өглөө эртүү сэрээд, өөрт байгаа хамгийн гоё хувцсаа өмсөж, байдаг чадлаараа гангалсан би сургуулийн заал руу догдлон очно. Заал тэр чигтээ үлгэрийн мэт өнгөөр алаглан, тайзан дээр зассан ногоон гацуур сүрлэг харагдаж, таазнаас унжуулсан урт сагсгар саа гялалзан надад нэг тийм ер бусын орчныг бэлэглэдэг байж билээ. Ингээд шинэ жилийн баярын уур амьсгалд умбачихдаг сан.
Баярын тоглолт ч ер бусын болно. Хамтдаа сурч байсан найзууд хэдийдээ бэлдсэн юм гэмээр урлагийн тоглолтоо тайзан дээр ээлжлэн гарч, сонирхуулан дуу дуулж, бүжиглэнэ. Инээд хөөр, алга ташилт тасрахгүй суутал хаанаас ч юм бэ баргил бүдүүн хоолойгоор,
Сайн байцгаана уу? Хүүхдүүд ээ!
Цас мөсний орноос цан чаргаа хөлөглөн
Цасан охид, цаа буга, ан амьтдаа дагуулсаар
Үүлтэй тэнгэрийн доогуур,
Үзүүртэй моддын дээгүүр өвлийн өвгөн аав нь ирлээ гэсээр өвлийн өвгөн орж ирнэ. Чихэд хоногшсон энэ дуу хадахтай зэрэгцэн өвлийн өвгөнөөс авах өнөөх бэлгийн тухай бодол бүр лавшран, бушуухан л миний нэрийг дуудаасай гэсэн хүлээлтээр солигдоно. Тэр дуу одоо ч чихэнд тодхон сонсогдож, шинэ жилийн уур амьсгал орохтой зэрэгцэн дахиад нэг бэлэг авах хүслийг минь бадраасаар. Цасан охид бүжгээ бүжиж дуусмагц, хүүхэд бүрийн хамгийн их хүсэж, хамгийн догдлон хүлээсэн мөч ирнэ. Өвлийн өвгөн аавын “Миний охин ирж бэлгээ аваарай” гэдэг үг хүүхэд бүрийн зүрхэнд үл мартагдах дурсамж болон хоногшдог билээ.
Бэлгээ гардаж аваад тайзнаас буух хооронд нүүрээ марзан будсан, өнгийн хувцас өмсч, алиа гутал угласан алиалагчид миний бэлгийг булаах гэж оролдоно. Тэдэнд бэлгээ өгөхгүй гэсэндээ сандарч, гүйх шахам зугтан сандалдаа очно. Тэр хоорондоо хоёр гараараа бэлгээ чанга тэврэн гүйнэ дээ. Тэр өдрийн шуугиан, инээд хөөр бүхэн үнэхээр хөгжилтэй, өхөөрдөм, одоо ч бодоход дотно дурсамж болон үлджээ.
Шинэ жилийн баярын тоглолт дуусмагц би гэр лүүгээ аль болох хурдан харьж, авсан бэлгээ задлах гэж яардаг байлаа. Ууттай бэлгэн дотор яг л миний авахыг хүссэн зүйлс байх болов уу хэмээн догдлон таамаглаж, хааяа бүр замдаа уутыг нь сэм задлах шахдаг сан.
Өвлийн өвгөн ааваас олон удаа бэлэг авч байсан болохоор би түүнд үнэхээр итгэдэг байлаа. Хожим нь бүх зүйлсийг аажуухан ухаарч, үнэндээ миний бэлгийг аав, ээж хоёр минь сэтгэлээрээ бэлддэг байсныг, харин өвлийн өвгөн аавын дүрд манай сургуулийн багш эсвэл аль нэг хүүхдийн аав тоглодог байсныг мэдэж билээ. Тэр үнэнийг мэдсэн мөчид бага зэрэг гайхсан ч хамгийн гол нь бүх зүйл илүү утга учиртай, илүү дулаахан санагддаг.
Өнөөдрийг хүртэл тэр Шинэ жилийн баярууд миний хувьд хамгийн дурсамжтай, хэзээ ч мартагдашгүй, зүрхэнд минь үлдсэн хамгийн гэгээлэг мөчүүдийн нэг хэвээр л байдаг. Өвлийн өвгөнөөс дахиад бэлэг авмаар байна.

