Монгол, Швед улсын судлаачид 2019 оноос Ховд гол, Хар-Ус, Хар нуурын сав газарт загасны экологи, нүүдлийг судалжээ. Тэд монгол хадрангийн шилжилт хөдөлгөөнийг акустик дохиолол ашиглан анх удаа судалсан нь онцлог аж.
Хар-Ус нуурын хадран загас 170 гаруй км зам туулан, улирлын чанартай шилжин нүүдэг нь уг судалгаагаар тодорхой болов. Ингэж нүүхдээ хадрангийн сүрэг Шижигтийн хавцлаар дайрдаг болохыг тогтоожээ. Хар-Ус нуураас дээших Ховд голын хадран загасны шилжилт хөдөлгөөн, нүүдэлд Шижигтийн хавцалд барьж буй усан цахилгаан станц шууд нөлөөлөх нь эл судалгаагаар тодорхой болж байна.
Хар нуурын хадран загасны дийлэнх нь жилийн турш ихэвчлэн нуурандаа амьдардаг бол зарим нь Чонохарайх голд очиж түрсээ шахдаг байх магадлалтай ажээ. Энэ талаар судлаачид “Хадран загас бидний төсөөлж ч байгаагүй аялагч гэдгийг шинжлэх ухаан баталлаа. Харин бид тэдний энэ нандин нүүдлийн замыг хамгаалж үлдэх үүрэгтэй. Гэхдээ уурлаж тэмцэх биш, уран ухаан гаргах л чухал байна” гэж уриаллаа.

Энэхүү төслийг Шведийн ХААИС-ийн доктор Густав Хеллстром, Даниел Палм , Томас Бродин, АНУ-ын Зэрлэг хадран төвийн судлаач Жэймс Лосее нарын судлаачид санхүүжүүлж, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн загас судлаач, доктор Б.Мэндсайхан, Зэрлэг амьтдыг хамгаалах төвийн судлаач Б.Нямбаяр, МУИС-ийн Баруун бүсийн салбар тэнхимийн Хими, биологийн тэнхимийн профессор, доктор З.Бурмаа нар хэрэгжүүлжээ.

